Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Байнгын хорооны дарга Ж.Батжаргал Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн (Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Байнгын хорооны дарга Ж.Батжаргал танилцуулгадаа, олон улсын болон дотоодын худалдаанд хориг саад үүсгэдэг гоц халдварт өвчин гарсан тохиолдолд түүний тархалтыг хязгаарлах, эрүүл малд халдвар тархахаас сэргийлэх арга хэмжээг яаралтай авах шаардлага үүсдэг. Мал, амьтны гоц халдварт өвчин гарсан тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан нээлттэй болон харьцуулсан тендер шалгаруулалт, гэрээ шууд байгуулах аргыг хэрэглэж гоц халдварт өвчний вакцин худалдан авахад хугацаа алдах, үүний улмаас гоц халдварт өвчний тархалт нэмэгдэх эрсдэл үүсэхээр байгааг онцлон тэмдэглээд уг хуулийн төслийг боловсруулсан гэв.
Мөн мал, амьтны гоц халдварт өвчин гарсан тохиолдолд олон улсын чанарын шаардлага хангасан вакциныг гадаад улсын үйлдвэрлэгчээс, эсхүл олон улсын байгууллагаас шууд болон дамжуулан худалдан авах зохицуулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмж тусгах шаардлагатай байна. Уг зохицуулалтыг хуульд нэмснээр мал, амьтны гоц халдварт өвчин гарсан тохиолдолд олон улсын чанарын шаардлага хангасан вакциныг хугацаа алдалгүй худалдан авах боломж бүрдэх ба үйлдвэрлэгчээс нь худалдан авснаар үнийн нэмэгдэл үүсэхгүй гэж төсөл санаачлагчид үзжээ.
Мал, амьтны гоц халдварт өвчин гарсан тохиолдолд
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат шууд худалдан авалтаар авах вакцины чанарын асуудалд хэрхэн хяналт тавих, Биокомбинат ТӨХХК- хэчнээн төрлийн вакцин үйлдвэрлэж байгаа болон цаашид хүчин чадлыг хэрхэн нэмэгдүүлэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан хуулийн төсөлд малын гоц халдварт өвчин дэгдсэн үед тухайн омогт нь таарсан вакциныг сонгох, чанарт нь анхаарсан тодорхой зохицуулалт бий эсэхийг лавлаад салбарын яам цаашид малын гоц халдварт өвчин дэгдэж буй бүс нутагт хаалт тавих асуудлын эрх зүйн орчны зохицуулалтад онцгой анхаарч ажиллах талаар санал хэлсэн.
Олон улсаас худалдан авч буй вакцинд тавьдаг шаардлага нь ДМАЭМБ-ын олон улсын референт лабораторийн баталгаажуулалт байдаг. Тухайн лабораториор баталгаажсан вакциныг хэрэглэхийг зөвшөөрдөг тул бид тухайн вакциныг үйлдвэрлэгчээс нь шууд худалдан авах зохицуулалтыг төсөлд тусгасан гэж Ажлын хэсгээс тайлбарлав. Мөн Биокомбинат ТӨХХК-ийн хувьд өнөөдөр архаг халдварт зооноз өвчний нийтдээ 19 нэр төрлийн вакциныг үйлдвэрлэн, нийлүүлж байна. Харин шинээр гарч буй бог малын мялзан, шүлхий, үхрийн арьс товруутах зэрэг өвчний вакциныг үйлдвэрлэдэггүй гэсэн нэмэлт тайлбарыг өгч байлаа.
Харин Байнгын хорооны дарга Ж.Батжаргал, “Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаад эрүүл бүс нутаг, хамгаалагдсан аж ахуйн асуудлаа тусгаад зохицуулсан. Харин Хүний эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбогдуулан мал эмнэлгийн чиглэлийн эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалт орхигдох нөхцөл үүссэн тул уг хуулийн төслийг шинэчлэн боловсруулсан. Энэ хуулиар бид эмийн чанарын тухай асуудлыг онцгойлон анхаарахын зэрэгцээ малыг эрүүлжүүлэх асуудлыг технологийн цаг хугацаанд нь хийх асуудлыг хөндсөн. Малыг эрүүлжүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх асуудал нь батлагдсан төсвийнхөө хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохицуулагдсан. Харин шинэ нөхцөл байдал үүсээд нөөцөлсөн вакцин дутсан, эсвэл гамшиг болон онцгой нөхцөл байдал үүссэн үед цаг алдалгүй асуудлыг шийдвэрлэх үүднээс энэ зохицуулалтыг оруулж, эрхийг нь нээж өгч байгаа юм” гэж хариулж байлаа.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэв. Хуулийн төслийн талаар гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Байнгын хорооны дарга Ж.Батжаргал Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасны дагуу хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргалаа. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
0 cэтгэгдэлтэй