Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2024.04.18/ нэгдсэн хуралдаан 10 цаг 15 минутад 58,3 хувийн ирцтэй эхэлж, Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Үндэсний баялгийн сангаас иргэн бүр хүртэх эрхтэй. Гэтэл хуулийн зарим заалт учир дутагдалтай байгаа тул асуудалд хариуцлагатай хандах талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, иргэд хувьцааны ногдол ашгаа авсан, ирээдүйд ч аваад явах саналыг иргэдээс ирүүлсэнийг дэмжих нь зүйтэй хэмээн үг хэлэв.
Ийнхүү гишүүдийг үг хэлсний дараа өмнөх 7 хоногт буюу 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн юм. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Учрал 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлжээ.
Хуралдаан даргалагч Г.Занданшатар, хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй 25 санал байгаа, санал хураалт явуулъя хэмээв. Санал хураалтын дундуур Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд мэргэжлийн холбоо байгуулахын ач холбогдлыг чухалчилж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ анхааралтай хандахыг Ажлын хэсэгт сануулав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Н.Учрал, Ж.Чинбүрэн, Г.Мөнхцэцэг нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, таван жил саатсан хуулийн төслийг Б.Баттөмөр гишүүн бид хоёр нэлээд зүтгүүлж байж, анхны хэлэлцүүлэгт оруулж ирлээ. Н.Учрал гишүүн хуулийн төслөө сайн боловсруулсан байна гэсэн юм.
Ийнхүү Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 22 санал, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй гурван саналыг санал тус бүрээр хэлэлцэж, санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Харин дараа нь Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга, эдийн засгийн шинжлэх ухааны доктор Б.Баттөмөр танилцууллаа. Ажлын хэсгийн ахлагч тэрбээр уг хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсэв. Улсын Их Хурлын даргын захирамжаар, Төслийн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Х.Ганхуяг, Т.Доржханд, М.Оюунчимэг, Ж.Сүхбаатар нарын бүрэлдэхүүнтэй байгуулжээ.
Ажлын хэсэг төслийн талаар зарчмын зөрүүтэй 35 саналын томьёоллыг бэлтгэснийг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд танилцуулж, анхны хэлэлцүүлгийг хийж, санал хураалт явуулсан байна. Хуулийн төслийн зарим хэсэг, заалтыг бусад хууль тогтоомжтой нийцүүлэх, нэр томьёог тодорхой болгох, хуулийн төсөл хоорондын нийцлийг хангах, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулийн этгээдийн гаргасан хувьцааны 20-иос дээшгүй хувийг аливаа этгээд дангаар болон харилцан хамаарал бүхий этгээд хамт эзэмшихийг хориглохоор тусгасныг 34 хувь болгон өөрчлөх нь зүйтэй хэмээн үзсэн гэж танилцуулав.
Түүнчлэн улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашигласан тохиолдолд төрийн эзэмшлийн хувь хэмжээтэй холбоотой зохицуулалтад өөрчлөлт оруулахаар томьёоллыг боловсруулсан.
Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолын хэрэгжилт болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж, 2024 оны хаврын ээлжит чуулганд багтаан Улсын Их Хуралд танилцуулах нь зүйтэй гэж үзсэн. Монгол Улсын иргэн бүрд 2024 оны II улиралд багтааж хуримтлалын нэрийн данс үүсгэх, Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсантай холбогдуулан хуримтлалын сангийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай болон Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосон заалтыг төсөлд тусгасан хэмээн илтгэсэн юм.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ц.Цэрэнпунцаг, Т.Доржханд, Г.Дамдинням, Н.Учрал, Ц.Идэрбат, Х.Болорчулуун, Э.Батшугар, М.Оюунчимэг, Х.Ганхуяг, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асуув. Иргэн бүр баялгийн данстай, цахим бүртгэлтэй болно. Хэрвээ хууль батлагдвал ажлын 10 хоногт багтаан нээнэ. Стратегийн ач холбогдолтой 16 орд газрын 50 хувийг улсын мэдэлд авах талаар хуулийн төслийн Ажлын хэсэг тусгаж өгсөн. Эдгээр ордын хайгуулыг улсын төсөв хийсэн учраас болохгүй зүйлгүй. Өнөөдрийг хүртэл Монголын газар доорх баялаг үнийн хувьд “тэг” гэсэн үзүүлэлтээр хандаж, үнэгүйдүүлж ирсэн. Анх удаа баялгийг ард түмний мэдэлд өгөх шийдвэр гаргах чухал ач холбогдолтой хуулийн төслийг хэлэлцэж байгааг Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр дурдаад, цаашид баялгийн санг үр өгөөжтэй, жинхэнэ утгаар нь авч явахын тулд валютын ханш чухал нөлөөтэй юм. Олон улсын туршлагаас харахад баялгийн сангийн хууль эдийн засагт таатай нөхцөл бүрдсэн улс орнуудад амжилттай хэрэгжсэн байдаг. Тиймээс улс орныхоо эдийн засгийг тогтвортой авч явах, төсвийг алдагдалгүй, шилэн байлгаж, далд эдийн засгийг ил болговол баялгийн сангийн үр дүн гарна гэсэн хариултыг өгсөн юм.
0 cэтгэгдэлтэй