Гурилын монопольд цэг тавьж, үнэ буурахаар боллоо

newslifemn 2024-04-19

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Гурил, малын тэжээлийн импортын татварыг чөлөөлөх тухай” хуулийг баталлаа. Энэ хуулийн төсөл батлагдсанаар иргэд хямд үнэтэй гурил идэх боломжтой болж байгаа юм. Тухайлбал,  гурилын салбарыг эзэгнэсэн монополь задарч зах зээлийн өрсөлдөөн бүхий бодит үнэ тогтох боломж бүрдэж байгаа юм.

Уг хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах, гурилын үнийг зохиомлоор нэмэгдүүлж байгаа эсэхийг хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ажилласан.

Тэрбээр гурилын үйлдвэрүүдэд ажилласныхаа дараа “2021-2023 оны хооронд гурилын үнэ 62 хувиар өссөн. Энэ бол байж болох үндэслэлээс хэтийдсэн өсөлт. Тиймээс гурилын үнийг буулгаж зах зээлийн шугам дээр авчирна. Мөн газар тариалангийн салбарын тогтвортой хөгжлийг хангах бодлого хэрэгжүүлнэ” гэдгийг онцолж байсан. Энэ хууль батлагдсанаар мафижсан гурилын салбарын монопольд цэг тавилаа.