Ц.Туваан: Гадаа нэмэх хэмийн дулаантай болмогц морин уралдаан зохиож эхлэх хэрэгтэй

newslifemn 2024-01-22

УИХ-ын гишүүн Ц.Туваан, Н.Ганибал нар “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-д өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барих гэж байгаа талаараа мэдээлэл хийлээ.

Энэ хуулийн төсөл батлагдсанаар морин уралдаан зохион байгуулагчдын нэгдмэл хариуцлагын тогтолцоо, уралдаанд тавигдах нэгдмэл стандартыг дагах боломж бүрдэн төрийн зүгээс тавих хяналт сайжирч, хурдан морины уралдааны явцад хүүхдийн эрх зөрчигдөх явдал багасах юм. Улмаар өв соёл, уламжлалаа хамгаалах, хөгжүүлэх, суралцах боломжийг бүрдүүлнэ гэж үзэж байна гэв. 

 УИХ-ын гишүүн Ц.Туваан: Сүүлийн үед малчид болон уяачдаас хаврын морин уралдаантай холбоотой санал ирүүлж байгаа. Мөн үндэсний өв соёл, талын монголчуудын хүүхэд наснаасаа морь унах, дээдлэх уламжлал алдагдаж байгаа талаар хүсэлтүүд ирсэн.

Удаан хугацаанд судалгаа хийсний үр дүнд өнөөдрийн хуулийн төслийг өргөн барьж байна. Монголчууд шинийн 15-ны дотор урин хавартай золгосны баяр болгож морио уралдуулдаг заншилтай. Энэ нь өвлийн морин уралдаан хэмээн мушгиж ярьдгаас тэс ондоо зүйл.

Монголчуудын нүүдэлчин ахуй соёл хумигдаж хотжих байдал анзаарагддаг. Үүний дотор морины өв соёл орхигдох зүйл гарч байгаа.

Хаврын морин уралдаантай холбогдуулан хүүхдийн эрхийн асуудал яригддаг. Хуулийн төсөлд гадна агаарын температур цельсийн нэмэх хэм рүү орж ирсэн үед морины уралдаан зохион байгуулах заалтыг оруулж ирсэн.

Бас нэгэн сөрөг зүйл нь ард иргэд нэгдсэн зохион байгуулалтгүй, холбогдох албаны хяналтгүй орчинд уралдаж байна. Тэгэхээр хорьсон тохиолдолд иймэрхүү уралдаан ихсэж байгаа юм. Энэ асуудлыг харьяа байгууллагын хяналтын дор зохион байгуулах хуулийг санаачилсан. 5-р сарын 1 хүртэл морин уралдаан зохион байгуулахыг хориглосны улмаас иргэд нууцаар, төрийн хяналтгүй янз бүрийн уралдаан зохиож байгаа нь хүүхдүүдийг илүү их эрсдэлд оруулж байна. Иймд 5-р сарын 1 гэж хязгаарлахгүйгээр гадаа нэмэх хэмийн дулаантай болмогц морин уралдаан зохиож эхлэх хуулийн заалтыг нэмэх саналтай байна гэлээ. 

УИХ-ын гишүүн Н.Ганибал: Хаврын морин уралдааныг тавдугаар сарын 1-н хүртэл хорьсон. Тухайн адууны шинэ ногоонд гарч буй цаг хугацаанд уралдаан зохион байгуулж байгаа нь шууд утгаараа үржилд муу нөлөө үзүүлж байна.

Даяаршиж буй дэлхийд монголчууд бидний ондоошлын гол асуудал нь эрийн гурван наадам. Үүнийг шууд утгаараа Өвөр Монголчуудад алдах нөхцөл байдал тулгарсан. Тэгэхээр зөв талаас нь харж уралдаанаа зохион байгуулах нь уяачид, морь сонирхогчдын хамгийн их хүсэж буй асуудал юм.

Өөрсдийнхөө хүч хөдөлмөрийг шавхаж хавартай золгосон малчдад хөөр гунигийг нь хуваалцах баярыг хийлгэх ёстой.