Нөхөрлөлийн үнэ цэнийг “Бидний араншин”-аас дүгнээрэй

newslifemn 2024-01-20

“F” студи, “Update” энтертайнмент хамтран дэлгэцийн ээлжит бүтээлээ “Бидний араншин” нэртэйгээр, комеди, драм төрлөөр бүтээжээ. Киног Ц.Амартүвшин найруулж, гол дүрүүдэд Ч.Төгөлдөр, Д.Дэлгэрсайхан, А.Бямбабаяр, С.Зоригт нар тоглосон байна.
Мөн энэ үеэр “Бидний араншин” дууг хэр сайн дуулах вэ гэсэн тэмцээнийг зохион байгуулж байлаа.  Учир нь  Хонх хамтлагийн “Бидний араншин” дууг сэргээн засварлаж киноны дуу болгожээ.
Ц.Амартүвшин:  Монголчууд нэгэндээ хүнд үед нь тусалж чаддаг
талаар харуулахыг хичээсэн
Хүн хүний араншин өөр шүү дээ. Монголчууд нэгнийхээ хүнд үед тусалдаг, бие биенийхээ төлөө байж чаддаг гэдгийг харуулах үүднээс “Бидний араншин” гэдэг нэрийг онцолж авсан. Хэн нэгний туслалцаа дэмжлэггүйгээр хэн ч юу ч хийж чадахгүй. Энэ киногоор хүмүүст эерэг зүйл харуулахыг хичээсэн. Хэдийгээр хөндөж байгаа сэдэв нь хүнд боловч тэр хүнд хэцүүг найз нөхдийн нөхөрлөлөөр хамтдаа даван туулж байгааг харуулсан. Киног маань үзсэн хүмүүс урам зориг авах байх.

Ч.Төгөлдөр: Хүрээлэн буй орчин, нийгэм бидний

ирээдүйг “алж”, “боомилж” байна 

-Энэхүү киногоор дамжуулан Монголын мянга мянган гэр бүл хүнд өвчинтэй хэрхэн тэмцэж, ялж, ялагдаж байгааг харуулсан. Энгийн амьдралтай байсан айл охин нь хүнд өвчин туссанаар амьдрал нь оронгоороо хэрхэн эргэж, түүнийхээ төлөө тэмцэж байгаа талаар өгүүлсэн. Бид үргэлж нэгнээ хандиваар эмчлээд байж чадахгүй шүү дээ. Үүний төлөө юуг өөрчлөх үү, яах уу гэдгийг киноноос маань үзнэ. Яг үнэндээ хүрээлэн буй орчин, нийгэм бидний ирээдүйг “алж”, “боомилж” байна шүү дээ. Ээж минь өнгөрсөн онд уушгины хорт хавдраар нас барсан. Улаанбаатарын утаа үүнд бага зэрэг ч гэсэн нөлөөлсөн гэж боддог. Тиймдээ ч энэ бүтээлээрээ дамжуулан дуугарахыг, бодит байдал энэ шүү дээ гээд харуулахыг хичээж ажиллалаа. Миний дүрийн хувьд гэвэл Өсөхөө гэх хүүхдийнхээ төлөө бүхнээ зориулж, хийж чадах бүхий л зүйлийг хийж байгаа эгэл жирийн аавын дүр.

Б.Тамир: Найз нөхдийн нөхөрлөл ямар их үнэ цэнэтэй вэ гэдгийг

тодорхой харуулж чаджээ

Их зөөлөн, хөнгөн жанртай, хэлье, ойлгуулъя гэсэн санаагаа тун тодорхой харуулж чаджээ. Энэ киног  үзсэн хүн бүр ямар нэгэн юм ойлгоод, ухаараад гарах юм байна. Найз нөхдийн нөхөрлөл ямар их үнэ цэнэтэй вэ гэдгийг тодорхой харуулж чаджээ. Гол дүрийг бүтээсэн Ч.Төгөлдөр дүүдээ баяр хүргэе. Анхны гол дүр гэхэд маш сайн чадварлаг тоглож чадсан байна.

Киноны агуулга:   Өсөхөө, Нямаа, Хорлоо, Хуягаа дөрөв багын найзууд. Тэдний нөхөрлөлийн үнэ цэнийг Өсөхөөгийн бяцхан охин хүнд өвдсөнөөр амьдрал сорино. Нэгийнхээ гэр бүлийг элэг бүтэн авч үлдэхийн төлөө тэд чадах чинээгээрээ хичээж, дөрвөн ажил мэргэжилтэй ч хамтран ажиллахаар шийднэ. Гэсэн ч бүх зүйл дардан бүтэхгүй. Гэвч тэд бууж өгөхгүй. Учир нь энэ бол бидний, бас тэдний араншин. Бүх насныханд зориулсан “Бидний араншин” уран сайхны кино бүх кинотеатруудаар гарч байна.