ЭЗБХ: 2023 оны аудитлагдсан санхүүгийн тайлан эцэслэгдээгүй байгаа учраас ногдол ашиг хуваарилах тоо гараагүй

newslifemn 2024-01-15

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Тус тогтоолын төслийг Байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр танилцуулав.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Т.Доржханд, Ч.Ундрам, О.Цогтгэрэл, Т.Энхтүвшин нар ажилласан байна. Өнөөдрийн байдлаар Улсын Их Хурал, Засгийн газрын холбогдох тогтоолын дагуу “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн гаргасан нийт хувьцааны 81.5 хувийг “Эрдэнэс Монгол” компани, 18.5 хувийг нь 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн 2.5 сая иргэн, 0.06 хувийг үндэсний 486 аж ахуйн нэгж тус тус эзэмшдэг байна. Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн байгалийн баялгийн үр өгөөжөөс иргэн бүрд тэгш, хүртээмжтэй олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор  “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааг 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн болон тухайн хугацаанаас хойш Монгол Улсын харьяатад орсон иргэн бүрд эзэмшүүлэх, Монгол Улсын иргэдэд олгосон хувьцааг энгийн хувьцаанд бүртгэх шаардлага үүссэн талаар ажлын хэсгийн танилцуулгад дурдав.

“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн 2021, 2022 оны ногдол ашгийг иргэдэд олгох асуудлыг шийдвэрлэх шаардлагын талаар Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Ж.Бат-Эрдэнэ нар байр сууриа илэрхийлээд, ногдол ашиг тараах эсэхээр тодруулгыг хийсэн. Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэсэн зохицуулалттай гэдгийг Б.Баттөмөр гишүүн дурдаад “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаа гэдэг мэдээлэлтэй байна. Тэгэхээр эрх зүйн орчныг бүрдүүлсний дараа ногдол ашиг тараах нөхцөл бүрдсэн гэж ойлгож байна” гэв.

“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах асуудал Компанийн тухай хуулиар зохицуулна хэмээн ажлын хэсэг тайлбарлав. Тус компанийн ТУЗ хуулийн хугацаандаа хуралдаж, санхүүгийн тайлан аудитаар батлагдсаны дараа тодорхой шийдвэр гарах юм байна. “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани 2023 онд ашигтай ажилласан, нөгөө талд нь хуримтлагдсан өр төлбөр өндөр байгааг мөн дуулгасан. Ногдол ашиг хуваарилсны дараа хөрөнгийн хэмжээ ямар харьцаатай байхыг хуульчилсан байдаг тул ирэх оны үйл ажиллагаа, мөнгөн урсгалын төлөвлөгөөтэй уялдуулж ТУЗ шийдвэр гаргана гэлээ.

Х.Ганхуяг гишүүн, энэ онд багтаан тараах ногдол ашгийн хувь хэмжээний талаар болон “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн өр, авлагын талаар тодруулж, ажлын хэсгээс хариулт авсан. Компанийн 2023 оны санхүүгийн тайлан аудитлагдаагүй байгаа учраас ногдол ашгийн хувь хэмжээг хэлэх боломжгүй, харин хуримтлагдсан өр төлбөр 4 их наяд төгрөг орчим байгаа аж. Баялгийн сангийн хуулийн төслийн талаар болон энэ хүрээнд зохицуулах асуудлуудын талаарх байр сууриа Ч.Ундрам гишүүн илэрхийлсэн юм. Асуудлыг маш өргөн хүрээнд харж, холбогдох тооцоо судалгааг зөв хийж, өнөөдрийн иргэд төдийгүй ирээдүйн иргэдэд ч байгалийн баялгийн үр өгөөжийг тэгш, шударгаар хуваарилах зарчмыг баримтлах ёстой гэдгийг Д.Батлут гишүүн хэлж байв.

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа ажлын хэсгээс бэлтгэн томьёолсон зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.