Б.Ганхуяг нүүрсний сонсголд гэрчээр оролцох хүсэлтээ хүргүүлжээ

newslifemn 2023-12-6

УИХ-аас байгуулагдсан Хянан шалгах түр хорооноос “Нүүрсний сонсгол”-ыг өнөөдөр /2023.12.06/ гурав дахь өдрөө зохион байгуулж байна. Нээлттэй сонсголыг Хянан шалгах түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ахалж байгаа юм.

Нүүрсний сонсголд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг оролцох хүсэлтээ илэрхийлсэн.

Хүсэлтэд, “Б.Ганхуяг миний бие сонсголд гэрчээр дуудагдсан. Би өөрийн биеэр сонсголд гэрчээр оролцох хүсэлтэй байна. Би одоо Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхэд хүлээгээд сууж байна” гэжээ.

Үүний хариуд Хянан шалгах түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Арваннэгдүгээр сарын 27-нд түр хороо хуралдаж, эхний сонсголд гэрчээр дуудах хүмүүсийг тогтоолоор баталсан. Үүний дунд Б.Ганхуяг бий. Уг тогтоолыг шүүх, прокурорын байгууллагад хүргүүлсэн. Б.Ганхуяг нь үдээс хойш яригдах асуудалд гэрчээр дуудагдсан. Прокурор бол энэ хүн шүүхийн шийдвэрийн дагуу хоригдож байгаа, шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлэх тул шүүхийн шийдвэрийг бид өөрчилж чадахгүй гэж мэдэгдсэн” гэлээ.