Р.Сэддорж: Х.Сугир дарга УИХ-ын гишүүдийг буруу мэдээллээр хангаж  ирсэн. Ингэж болохгүй ээ

newslifemn 2023-12-5

“Тавантолгой” ХК-ийн захирал асан, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж: Тавантолгойн орд газар 1966 оны морин жилд үйл ажиллагаагаа эхэлсэн. 1997 оны Ашигт малтмалын тухай хууль гарснаар  зөвхөн сумдуудын нүүрсний хэрэглээг хангадаг байсан компани 11 мянга гаруй га талбайтай байж байгаад 169 га талбайтай үлдсэн.  Тавантолгой ордын 0.4 хувь дээр үйл ажиллагаа эрхэлж үлдсэн.

Энэ компанийн 12.9 хувийг дэлхийн 10 гаруй орны 2300 хувьцаа эзэмшигч Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаа эзэмшсэн. Дандаа топ-д явдаг. TTL гэдэг хувьцааны нэр нь явдаг.  Ногдол ашиг сайн өгдөг учраас хувьцааг нь гадаадынхан сайн авдаг.  Нэг тонн нүүрснээс хамгийн их татварыг улсдаа төлдөг улс юм.

Өнгөрсөн хугацаанд 560 гаруй тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ олгосны 286 тэрбум төгрөгийг Өмнөговь аймагт өгсөн. Өмнөговь аймгийн хөрөнгө оруулалт болж явдаг.  Аймагт олгосон ногдол ашгаар автозам тавьж, сургууль цэцэрлэг барьж, өвөлжилтийн хүндрэлийг давах өвс тэжээл зэрэг бүхий л зүйлд зарцуулдаг.

Өнгөрсөн 2022 онд 140 тэрбум төгрөг Өмнөговь аймагт орсон.

“Тавантолгой” ХК-ийн ТУЗ- ийн гишүүн хийж байгаагүй Х.Сугир дарга их юм мэддэг юм шиг ярьж ирсэн. Уул уурхайн мэдээлэл сайн биш хэрнээ дэлхийн зах зээлийн ханш, уурхайн ам нөхцөл зэргийг хольж ярьдаг. УИХ-ын гишүүдийг буруу мэдээллээр хангаж  ирсэн. Ингэж болохгүй ээ. Нэг жишээ хэлэхэд уурхайн амны үнэ, 280 км-ын цаана байгаа Ганц мод боомт дахь  үнэтэй хольж ярьдаг. Энэ хоёр хоорондоо асар их ялгаатай, тээврийн үнэ, гаалийн татвар нь орсон, өөр өөр байршил дээр байдаг үнийг хольж ярьдаг. Дэлхийн зах зээлийн үнэ, Тяньжины боомт дээр байдаг үнийг хольж ярьдаг. Ижилхэн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Энержи ресурс” компани, “Тавантолгой” ХК амьдрахын тулд өрсөлддөг. Ганц модны үнэ 70 хэдэн ам.доллар байхад уурхайн ам дээр 25 ам.доллараар олон жил зарсан гэдэг.

Энэ аж ахуйн нэгж 0.4 хувь дээр байгаа 1966 оноос хойш ажилласан. Эргэн тойрон “Эрдэнэс Тавантолгой”-н уурхайгаар хүрээлэгдсэн, сумдынхаа уурын зуухыг халаахын тулд амьдрах хэрэгтэй байсан. Бүх худалдан авагч нь “Энержи ресурс”, “Эрдэнэс Тавантолгой” руу явчихдаг. “Тавантолгой” ХК үнэ ханшаа буулгахаас аргагүй байсан. Татварын ерөнхий газар мэдэж байгаа, аудит мэдэж байгаа. Өмнөговь аймгийн 75 мянган иргэн эзэмшдэг “Тавантолгой” ХК-ийг өдий хүртэл үр ашигтай ажиллуулж ирсэн нь хамт олны хөдөлмөр.  “Тавантолгой” ХК-ийн бичиг баримтын тухайд Архивын ерөнхий газрын мэдэх асуудал. Хуулиараа компани дээр баримт тэдэн жил хадгалагдаад улсын архив руу явна гэсэн хуультай.