О.Цогтгэрэл: Эрх баригчид авлигын тогтолцоог хуульчилж өгч байна

newslifemn 2023-11-6

УИХ дахь АН-ын бүлгийн өнөөдрийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

Бүлгийн дарга О.Цогтгэрэл “Бүлгийн хурлаар 3 асуудлын талаар ярилцлаа.

  1. Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг хуулийн агуулгын хүрээнд ярилцсан. Өрсөлдөөнгүй, хаалттай худалдан авалт хийснээр ямар их авлига бий болдгийг сая нийтээрээ харсан. Гэтэл нийслэл дээр дагалдаж орж ирж байгаа 20 гаруй хуулийн нэг нь нийслэлийн худалдан авалтыг шууд гэрээгээр хийнэ гэж байна.
  2. “Эрдэнэс тавантолгой” ХК-д Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хуулийг үндэслээд Бүрэн эрхт төлөөлөгч томилж байна.
  3. Уул уурхайн бүх компани бараа бүтээгдэхүүнээ зөвхөн биржээр арилжаална гэж байгаа. Гэтэл одоо орж ирж буй Уул уурхайн биржийн тухай хуулиар стратегийн ач холбогдолтой төсөл хэрэгжүүлэхэд биржийн биш арилжаагаар зарж болно гэнэ. Авлигатай тэмцэнэ гэсэн уриа нь яасан бэ.

Эрх баригчид авлигын тогтолцоог хуульчилж өгч байна. Тухайлбал аль БНМАУ-ын үеийн хуулийг хэрэглэж БЭТ томилох, биржийн хуульд өөрчлөлт оруулах, Түгжрэлийн хуулийг санаачлах замаар шууд гэрээ хийж төсвийн мөнгийг ямар ч хяналтгүй зарцуулах нөхцөлийг бүрдүүлэх нь” гэв.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “МАН мөрийн хөтөлбөртөө иргэдийн орлогыг хоёр дахин нэмнэ гэсэн ч төрийн зарлагаа хоёр дахин нэмсэн. Засгийн газар төсөв дээр эхлээд зарлагаа зурчихаад дараа нь орлогоо зурж байна. Гэтэл айл өрхүүд эхлээд орлогоо зураад зарлагаа төлөвлөдөг. 2020 оны сонгуулиар ард иргэдийн орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ гэсэн мөрийн хөтөлбөр нь огт байхгүй болж, хүмүүс ядуурч байгаа. Гэтэл дарга нарын зардал хоёр дахин өсчихсөн байна.

Мөн урсгал зардал замбараагүй нэмэгдсэн ба хаа сайгүй хурал зөвлөгөөн болж байна.

“UG Arena”-г дүүртэл орон нутгаас хүмүүс авч ирж суулгаад “Хот үзүүлж, бэлэг өгсөн шүү. Тийм болохоор 2024 оны сонгуульд манай намд санал өгөөрэй, хүмүүст нөлөөлөөрэй” гэдэг байдлаар төсвийн мөнгийг урсгаж байгаа тохиолдол байна” гэв.