Б.Жамсран: Бид тужийн нарсыг унаган төрхөд нь оруулж өглөө. Таримал ойгоо хайрлан хамгаалж яваарай

newslifemn 2023-11-4

Монголын үзэсгэлэнт нарсан ой “Тужийн нарс” зах зээлийн ороо бусгаа цагт түймэрт болон ашиг хонжоо хайсан хүмүүсийн гарт өртөн “Тужийн тал” болтлоо хяргуулсан байдаг.  Тухайн үед Сэлэнгэ аймгийн ойн аж ахуйн даргаар ажиллаж байсан Ойн гавьяат ажилтан Б.Жамсран гуай тужийн нарсыг дахин сэргээхэд түүчээлэн манлайлж оролцсон юм байна.
Нөхөн сэргээх шаардлагатай 14 мянган га талбайг түүний удирдсан Ой ан төв 7.7 мянган га талбайд 22 сая, Бугант групп 6.7 мянган га-д 18 сая-ыг, үлдсэн хувийг нь мэргэжлийн ойн байгууллага, ААНБ, нөхөрлөл, хувь хүмүүсийн дэмжлэгтэйгээр 13 жилийн турш “ноцолдож” байж ургуулж чаджээ.
2011 онд 50-иад сая таримал ойг улсын ойн санд хүлээлгэн өгчээ. Тужийн нарсыг туждаа сэргээхэд олон хүний сэтгэл, итгэл зүтгэл, хөдөлмөр шингэсэн юм. Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, ард иргэд ч энэ ажилд өргөн оролцсон. Түүгээр ч барахгүй Улаанбаатар, Дархан, Сэлэнгэ аймгийн 30 гаруй байгууллагын 450 гаруй хүн нэгэн зэрэг ирж хоёрхон өдөрт 230 га талбайд суулгацыг тарьж байлаа. “Бид тужийн нарсыг унаган төрхөд нь оруулж өглөө. Таримал ойгоо хайрлан хамгаалж яваарай” гэж Б.Жамсран гуай ярьж байна.
Түүний монгол орны ойн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж 2022 онд ХӨДӨЛМӨРИЙН БААТАР цол хүртээсэн юм. Түүнийг салбарынх нь болон нутгийн ард түмэн нь “ОЙН ЖАМСРАН” хэмээн хүндэлдэг.