Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XV хуралдаан өнөөдөр болж, Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс Нийслэлийн Засаг даргад Хишгээгийн Нямбаатарыг нэр дэвшүүлсэн юм. Саналыг бүлгийн дарга Д.Ихбаяр танилцуулав. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид нэр дэвшигч Х.Нямбаатараас асуулт тавьж, саналаа хэлсний дараа санал хураахад хуралдаанд оролцсон нийт төлөөлөгчийн 78.57 хувь нь дэмжлээ. Ийнхүү Нийслэлийн ИТХ-аас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшигч Х.Нямбаатарыг дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн барихаар тогтов.
Санал хураалтын дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшигч Х.Нямбаатар Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид болон нийслэлчүүдэд хандан үг хэллээ. Тэрбээр “Нийслэлийн ИТХ-аас надад итгэл хүлээлгэн нэр дэвшүүлж байгааг өндөр хариуцлага хэмээн хүлээн авч, ухамсарлаж байна” гэдгийг үгийнхээ эхэнд тодотгосон юм. Улмаар “…Энэ амаргүй хүндхэн цаг үед зоримог шийдвэрийг гаргаж байж “Авлигагүй Улаанбаатар-Шинэ сэргэлт”-ийг эрчимжүүлж, нийслэлийн хөгжлийг шинэ шатанд гаргаж чадна. Нийслэлийн бүх шатанд ажиллаж буй алба хаагчдаас Улаанбаатар хотын шинэ сэргэлтийн төлөө хандлагаа өөрчилж, идэвх, зүтгэл, сэтгэл гарган ажиллана гэдэгт итгэлтэй байна…” гэсэн юм. Улмаар нийслэлийн засаглалыг сайжруулах, хууль эрх зүйн шинэтгэлийг үргэлжлүүлэн хийх, нийслэл Улаанбаатар хотын иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах бодлогын талаар онцгой анхаарал хандуулж, ажиллах төлөвлөгөөгөө танилцуулсан юм. Түүнчлэн хотын эдийн засгийн суурийг бэхжүүлж, төр хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалт, бизнесийн шударга өрсөлдөөнийг дэмжин, түгжрэлийг сааруулах цогц арга хэмжээний талаарх бодлого төлөвлөгөөгөө мөн танилцууллаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшигч Хишгээгийн Нямбаатарын намтар:
БОЛОВСРОЛ:
- 1986-1996 он Ерөнхий боловсролын 48 дугаар дунд сургууль
- 1996-2000 он Орхон Их сургууль эрхзүйч, бакалавр
- 2000-2002 он Орхон Их сургууль Боловсрол судлалын магистр
- 2006-2008 он Хууль сахиулахын их сургууль Хууль зүйн ухааны магистр
- 2017 он Хууль сахиулахын их сургууль Хууль зүйн ухааны докторант
АЖЛЫН ТУРШЛАГА:
- Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч
- Сонгинохайрхан дүүргийн Хуулийн хэлтэст мэргэжилтэн
- Сонгинохайрхан дүүргийн Төрийн захиргаа Удирдлагын хэлтсийн дарга
- Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга
- Монгол Улсын Их Хурлын гишүүн /2016-2020, 2020-2023/
- Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайдаар тус тус ажилласан.
0 cэтгэгдэлтэй