”Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд өнөөдрөөс буюу 10 сарын 04-нөөс намрын мод тарих өдрүүд албан ёсоор эхэллээ.
Энэ ажлыг эхлүүлж Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Ойн газар хамтран ХУД-ийн 14 дүгээр хороо, Түргэний гол дагуух цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа. Энэ намар уг цэцэрлэгт 5000 ширхэг мод, сөөг таригдах төлөвлөгөөтэй байгаа аж.
2021 оноос хойш 10 гаран зүйлийн 13300 ширхэг мод, сөөг уг цэцэрлэгт хүрээлэнд суулгасан. Үүнээс 2023 оны намрын тооллогоор 93 хувь буюу 12369 мод, сөөг ургажээ. Энэхүү талбайг Зэвсэгт хүчний 326-р анги хариуцаж, хамгаалан ажилладаг.
Талбайдаа хоёр худаг гарган, таван тонн даацтай хоёр ширхэг усны тэрэг ажиллуулж, жил бүрийн ургамал ургалтын хугацаанд мод, сөөгт шаардлагатай услах, бордох, өвчин хортноос хамгаалах, хөл ургамал хадах, нөхөн тарилт, цэвэрлэгээний огтлолт хийх зэрэг арчилгааны ажлуудыг дотоодын боловсон хүчний нөөцөө ашиглан тогтмол хийж гүйцэтгэжээ.
Мод, сөөгийн тогтмол арчилгааг хийж, эзэнтэй байлгасан учраас 93 хувийн ургалтын үр дүнд хүргэж чаджээ.
Цаашид талбайн мод, сөөгийн нөхөн тарилт, цэцэрлэгийг өргөтгөх ба мод үржүүлгийн талбайдаа тарваган хайлаас /Ulmus pumila/, нохойн хүшуу /Rosa acicularis/, шар хуайс /Caragana arborences /, голт бор /Syringa josicaea/, үхрийн нүд / Ribes nigrum/, сибирь гүйлс / Arimenca sibirica/, хуурамч таван дохиурт бургас / Salix pseudopentandra/ зэрэг найман зүйлийн навчит мод, сөөгийг үр мөчрөөр үржүүлэн 500 мянга гаруй тарьц ургуулаад байна.
0 cэтгэгдэлтэй