Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайд Ж.Сүхбаатар албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн талаараа мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Миний бие Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад гаргасан. Өргөдөлд улстөрчийн хувьд эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж, шалгалтын ажлууд явагдаж байна. Тиймээс ёсзүйн хариуцлага хүлээж, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлсэн.
Анх сайдаар томилогдоод ажиллаж байхад Ерөнхий сайд “Ёс зүйн өндөрлөг дээр МАН, тэр тусмаа Засгийн газрын гишүүд байх ёстой”-г бидэнд удаа дараа хэлж байсан. Энэ зарчмыг баримталж байна.
Өнгөрсөн зун авлига, ашиг сонирхлын зөрчлийн хуулийг батлуулсан. Хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байлаа. Аливаа ашиг сонирхлын зөрчилтэй асуудал яригдахаар улстөрч хүн нэрээ цэвэрлэж авах, хэрэгт холбогдсон бол хүлээгээд явах ёстой.
2023 онд нийтийн тээврийн салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлд төсвийн ерөнхийлөн захирагчаар ажилласан. Энэ асуудалд тавьж байгаа зорилтыг хэрэгжүүлэх явцад иргэдийн дунд эргэлзээтэй нөхцөл байдал үүсгэсэн асуудлууд гарсан.
Миний хувьд автобус гүйцэтгэгч, нийлүүлэгч талд шаардлагаа тавьсан” гэв.
0 cэтгэгдэлтэй