АН-ын дарга Л.Гантөмөр: Нам мэргэжлийн, олон нийтийн санаа бодлыг ойлгодог, мэдэрдэг байх ёстой. Ирэх оны сонгуульд нэр дэвших хүмүүсээ бид намын гишүүдийн саналыг авсны дараа зарлана. Манай намын гишүүд шинэчлэгдэхийг хүсэж байна. Ирэх сонгуульд цоо шинэ хүмүүсийг өрсөлдүүлнэ. Боловсролын салбарыг төлөөлж чаддаг, эрүүл мэндийн салбарыг төлөөлж чаддаг хүмүүсийг, нэг үгээр хэлбэл олон түмний дэмжлэгийг авч чадаж байгааг нь Ардчилсан намын жагсаалтад оруулна.
Манай улсад дундаж давхаргын иргэдийн тоо ихээхэн буурлаа. Төрийн буруу бодлогын үр дагаврыг залруулах хэрэгтэй. Ардчилсан нам дундаж давхаргыг бий болгохын төлөө өнгөрсөн хугацаанд хийсэн, ажилласан. Бид шинэчлэл, туршлагыг хослуулна. Гэхдээ шинэчлэл нь давамгайлах болно.
Намын дотоод бүтцээ бүрэн шинэчилж, хороодын дарга нарыг томилсон. АН хоёр жил үргэлжилсэн маргаанд цэг тавьсан.
Намын Ерөнхий нарийн бичгийн дарга гал тогооны ажил хийх хүн юм. Удахгүй шийдвэр гарч, энэ албан тушаалд хүнээ томилно. Энэ хүн дотогшоо буюу намын гишүүд рүү хандаж ажиллах уу эсвэл гадагшаа буюу улс төрийн тогоонд ажиллах уу гэдгийг эхлээд бид шийднэ. Ерөнхий нарийн бичгийн даргыг намын даргын эрх мэдлийн хүрээнд томилно. Миний энэ эрх рүү халдах гэсэн хүмүүс янз бүрийн зүйл хэлдэг. Хэн чадах нь л энэ ажлыг хийх ёстой.
МАН амьдралын чанарыг дээшлүүлэх амлалт өгсөн ч хэрэгжүүлсэнгүй. Хүмүүс одоо халамжаар амьдарч байна. Хүүхдийн 100 мянган төгрөгөөр амьдардаг хүмүүс олон. Гэхдээ иргэд ажил хийх хүсэлтэй байгаа юм. Үнэ, инфляцын хяналтаа алдчихсан. Манай улсын өр таазаа давчихсан тул өрнөөс гарч төрийн бодлогоо засах хэрэгтэй. Өрнөөс гаргана гэж амласан нам өрийг гурав дахин нэмчихлээ гэв.
С.Баярцогт: Бид шинэ Ардчилсан намыг бий болгох болно
Ардчилсан намын Тэргүүн дэд дарга С.Баярцогт: Монгол Улсын улс төрийн намууд бүхэлдээ өөрчлөлтөд орж байна. Улс төрийн намын тухай, сонгуулийн тухай хууль батлагдсан. Ардчилсан намын төлөөлөн удирдах төв байгууллага ҮБХ 504 гишүүний бүрэлдэхүүнтэй болж байна.
0 cэтгэгдэлтэй