Д.Мөнхбаатар: Багш бол боловсролын чанарыг тодорхойлогч юм

newslifemn 2023-09-1

Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар “Боловсролын салбарын бодлого, зорилтын үр дүн, 2023-2024 оны хичээлийн жилд анхаарах асуудал, шийдэл” сэдэвт илтгэлдээ: “Монгол улс энэ хичээлийн жилд Хүний хөгжлийг дэмжсэн, хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж олгох Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль болон Дээд боловсролын тухай хуулиудыг хүлээж авч , Та бид хамтдаа боловсролын салбарын эрх зүйн шинэчлэлийг эхлүүлэх хариуцлагатай үүрэг хүлээж байна.

Энэ хичээлийн жилд боловсролын багц хууль болон боловсролын шинэ сэргэлтийн бодлогыг боловсролын бүх шатны байгууллагад бүрэн хэрэгжүүлэх, аймгийн боловсролын талаар баримтлах бодлого, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх замаар хүлээгдэж буй зорилтот түвшинд хүргэхэд анхаарч ажиллах нь чухал байна. Багш бол боловсролын чанарыг тодорхойлогч юм. Иймээс багшийн ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ багшийн хөгжил, сурагчийн амжилтыг дэмжин урамшуулах, масс сургалтын чанарт ахиц гаргасан багшийг урамшуулдаг, мэргэжил боловсролоо дээшлүүлэх нөхцөлийг бүрдүүлдэг, тэдний нийгмийн баталгааг хангахад чиглэсэн болзол журмыг батлан хэрэгжүүлж, “Боловсролын шинэ сэргэлт”-ийн нэг гол хүчин зүйл болсон гүйцэтгэл үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог хэрэгжүүлж, боловсролын чанарын үнэлгээгээр хамгийн өндөр үзүүлэлттэй багшийг урамшуулах, сурлагын чанарын ахиц амжилт бүрийг урамшуулах бодлого барьж ажиллах” талаар онцолсон юм.

Бага хурлын үеэр аймгийн 2022-2023 оны хичээлийн жилд улсын олимпиадад амжилт гаргасан багш, сурагчдыг аймгийн Засаг даргын захирамжаар шагнаж урамшуулсан бол Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар сургуулийн сургалтын менежер Онгоодойн Мөнхтуул “Монгол улсын Зөвлөх багш”-ийн зэрэг хүртжээ.

Мөн Боловсролын чанарыг сайжруулах, багш, суралцагчийн хөгжлийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй “Хөгжсөн багшаас чадварлаг сурагч” хөтөлбөрийн хүрээнд УИХ-ын гишүүн Ж.Батжаргалын санаачилга, дэмжлэгээр “Багш бүрд компьютер” төслийг хэрэгжүүлж 2023-2024 оны хичээлийн жилд улс, аймгийн төсвийн 858.2 сая төгрөгөөр 841 багшийг зөөврийн компьютероор хангаж, эхний ээлжийн зөөврийн компьютерыг гардууллаа.