Ардчилсан намын үнэт зүйл эрх чөлөөтэй, эрдэм боловсролтой монгол хүнийг бүтээх юм. Энэ хүрээнд Ардчилсан намын дарга Л.Гантөмөр боловсролын салбарын манлайлагч залуусаас бүрдсэн “Боловсролын зөвлөл”-ийг байгуулж байна.
Цаашид ч салбар салбартаа тэргүүлэгч, мэргэжлийн экспертүүдийн хүрээнд уул уурхай, хөдөө аж ахуй, эрүүл мэнд гэх мэт стратегийн чухал ач холбогдол бүхий салбаруудад бодлогын түвшинд судалгаа, шинжилгээ хийдэг баг байгуулан ажиллахаар зорьж байна. Энэхүү Боловсролын зөвлөл нь “Сураад” системийн үүсгэн байгуулагч, боловсрол судлалын доктор Э.Энхпүрэв, Оксфордын Их сургуулийн дээд боловсролын магистр, UBC их сургуулийн докторант, дээд боловсролын хөтөлбөр судлаач Г.Орхон, “Хүүхэд бүрт компьютер төслийг санаачлагч, Стенфордын Их сургуулийн боловсрол судлалын магистр З.Энхмөнх, МУИС-ийн профессор, Монголын боловсролын үнэлгээний судалгаа хийдэг Б.Ганбат, Оюуны чадварын IQ төвийн захирал, Виржиниагийн технологийн Их сургуулийн боловсролын магистр Д.Өлзий-Эрдэнэ зэрэг боловсролын салбартаа манлайлагч, шинийг эрэлхийлэгч, бүтээлч залуусаас бүрдсэн залуусын зөвлөлийг зарлаж байна.
Шинжлэх ухаан, технологи, инновацийн салбар асар хурдацтай тэлж буй энэ цаг үед боловсролын салбар хоцрогдолд орох нь дэлхийн хөгжлөөс хоцрох, улс орон хөгжихгүй байх суурь шалтгаан болдог. Тиймээс дэлхийн боловсрол сууриараа өөрчлөгдөн хөгжиж буй үед хурдтай, бүтээлч ажиллах шаардлагатай байгааг тус “Боловсролын зөвлөл”-өөс онцоллоо.
Ардчилсан намын даргын дэргэдэх “Боловсролын зөвлөл” нь боловсролын салбарт тулгамдаж буй асуудал түүнд шаардлагатай шийдлийг танилцуулж, Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэг даяар олон нийтээр хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.
Үүний үр дүнд тус шийдлүүдийг ирэх оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусган ажиллах юм. Ардчилсан нам судалгаанд суурилсан бодлогын хүрээнд ажиллах бөгөөд салбар бүрт түүчээлэгч залуусаар хүрээгээ тэлж нийслэл хот, хөдөө орон нутгийг хамарсан хэлэлцүүлгүүдийг өрнүүлэн ажиллахаа илэрхийлж байна. #Ардчилсан_нам
0 cэтгэгдэлтэй