Б.Эрдэнэтуул: Хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр амралт зугаалгын талбайг нэмэгдүүлэх шаардлага үүсэж байна

newslifemn 2023-06-20

Нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хорооны хурлаар Нийслэл хотын нийтийн эдэлбэр газрын хэмжээг тогтоох, ашиглалтын журмын талаар Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Газар зохион байгуулалт, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Эрдэнэтуул танилцууллаа.

Тэрбээр “Хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр нийслэлийн гудамж талбайн ногоон байгууламжийг хэвээр хадгалан үлдэх, амралт зугаалгын талбайг нэмэгдүүлэх шаардлага үүсэж байна. Иймд иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж нөхцөлөөр хангах зорилгоор нийтийн эдэлбэр газрыг нэмэгдүүлэх, журамлах шаардлагатай байна.

Нийслэлийн ИТХ-ын зургаан удаагийн тогтоолоор одоогийн байдлаар 145 байршлын 227,97 га газрыг нийтийн эдэлбэрт газарт бүртгэсэн. 2023 онд нийтийн эдэлбэр газарт 47 байршлын 7,68 га газрыг нэмж бүртгэхээр төлөвлөөд байна. Нийслэл хотын болон нийтийн эдэлбэр газрын ашиглалтын журмыг ажлын хэсгийн хүрээнд холбогдох 12 байгууллагаас саналыг авч тусган, 6 бүлэг 65 заалттайгаар боловсруулаад байна” гэв.