Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнгөрөгч 2 дугаар сард БНХАУ-ын Чунчин хотноо айлчилж, хоёр хотын дарга Чунчин-Улаанбаатарын хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжихээр хамтран ажиллахаар тохиролцсон юм.
Тэгвэл энэ хүрээнд өнөөдөр БНХАУ-ын Чунчин хотын худалдаа бизнесийн төлөөлөл нийслэлд хүрэлцэн ирж Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-тай хамтарсан уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Баярчимэг Чунчин хотын бизнесийн томоохон байгууллагуудтай хамтран ажиллах эхлэл тавигдсанд таатай байгаагаа илэрхийлээд, эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын том төвийн хувьд Чунчин хотын туршлага, технологийн шийдлүүдийг Улаанбаатарт нэвтрүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаагаа илэрхийлсэн. Мөн тэрбээр Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-аас хэрэгжүүлж буй такси үйлчилгээ, авто зогсоолын менежмент, логистикийн нэгдсэн төв байгуулах төслүүдийг танилцуулж, хамтран ажиллах, хөрөнгө оруулах боломжууд нээлттэй байгааг онцолсон. Мөн хотын нийтийн аж ахуй, цэвэрлэх байгууламж, нийтийн тээвэр болон бусад холбогдох салбарт тусгай үүргийн тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж хэрэгцээтэй байгааг дурьдав.
Уулзалтын төгсгөлд Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Баярчимэг, БНХАУ-ын Чунчин хотын Чунчин Чян-И Трэйдинг компаний Ерөнхий захирал Ли Вэньжүнь нар Улаанбаатар хотод нийтийн аж ахуйд хэрэгцээт төхөөрөмж, машин техник лизингээр нийлүүлэх, тоног төхөөрөмж худалдан авахад хятадын талаас шаардлагатай санхүүгийн дэмжлэг үзүүлэх, худалдан авахтай холбоотой зөвлөгөө авахаар талууд хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа.
Дашрамд өгүүлэхэд Чунчин хот нь автомашины үйлдвэрлэл, дижитал, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, их өгөгдөл зэрэг үйлдвэрлэл өндөр түвшинд хөгжиж яваа, ДНБ, төсвийн орлогын хэмжээгээрээ Хятадын төв, баруун бүсийг тэргүүлж буй мега хот юм.
Ер нь цаашид Улаанбаатар хотоос хэрэгжүүлж буй төслүүдэд БНХАУ-ын Чунчин хот хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
0 cэтгэгдэлтэй