Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Авто замын бүтээн байгуулалтыг хөгжлийн бодлоготой уялдуулж, төр, хувийн хэвшил хамтран ажиллаж байж үр дүнд хүрнэ

newslifemn 2023-04-27

Монголын авто замчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд боллоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус зөвлөгөөнд оролцож Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050″, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцуулж, үүнд авто замчдын үүрэг, оролцоо чухлыг онцоллоо.

Монголын авто замчид өнгөрсөн хоёр жилд 689,1 км урт хатуу хучилттай зам, 330 у/м төмөр бетон гүүр барьж байгуулаад байна. 2022 оны зургадугаар сард Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км авто замын бүтээн байгуулалт дуусаж 21 аймгийг хатуу хучилттай автозамаар холбож дуусгасан бол 2022 оны арваннэгдүгээр сард Ховд аймгийн Булган, Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор БНХАУ болон ОХУ-ыг холбосон баруун босоо тэнхлэгийн 745 километр авто замыг ашиглалтад оруулсан.

Ингэснээр “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор”-ын анхны авто замын гарцыг нээж, Ази-Европыг холбосон экспортын дамжин өнгөрөх 4500 километр замыг холбосон зэрэг замын бүтээн байгуулалт багтаж байна. Эдгээрийн үр дүнд Дэлхийн банкны Логистикийн гүйцэтгэлийн индексээр 2018 онд  130 дугаар байр эзэлж байсан Монгол Улс 33 байраар урагшилсан. Цаашид авто замын бүтээн байгуулалтыг хөгжлийн бодлоготой уялдуулж, төр, хувийн хэвшил хамтран ажиллаж байж үр дүнд хүрнэ гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ.


Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д боомтын хүчин чадлыг гурав дахин нэмснээр экспортыг 30 тэрбум долларт хүргэхээр тусгасан. Үүний тулд төмөр замын сүлжээг гурав дахин нэмж, боомт холбосон 3,500 км автозам, Алтанбулаг-Замын-Үүдийг холбосон 987 км хурдны зам барихаар ажиллаж байна. Түүнчлэн төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах бодлогын хүрээнд Улаанбаатар хотыг 225 км нэмэлт холбоос замаар холбох зэргээр асуудлыг цогцоор нь шийдвэрлэхэд анхаарч буйг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ.
Шинэ зам барих нэг хэрэг. Барьсан зам чанартай, тогтмол засвар арчлалттай байх ёстой талаар өнөөдөр авто замчид зөвлөлдлөө. Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Зам засварын санхүүжилтийн гол эх үүсвэр замын санг хуулийн дагуу бүрдүүлэх,  норм, стандарт, технологийг тодорхой болгож мөрдөх, санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэх, боловсон хүчин, замын компаниудын чадавхийг сайжруулах шаардлагатай байгааг онцлов.  Мөн тендер шалгаруулалт, тусгай, зөвшөөрлийг ил тод, шилэн болгож, хяналтыг сайжруулахаар ажиллаж байна гэлээ.
Энэ онд улсын хэмжээнд 540 км хатуу хучилттай авто зам 500 у/м төмөр бетон гүүр барихаар төлөвлөсөн. Мөн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн авто замын төслүүд үргэлжилнэ.