Х.Нямбаатар: Шүүхийн шийдвэргүй баривчилсан сэжигтний 14.3 хувийг гэмт хэрэг үйлдэж байх үед нь баривчилсан

newslifemn 2023-04-19

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2023 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяагаас Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандаж “Ажлын хэсгийн дүгнэлтийг тодруулах тухай” тавьсан асуултын хариуг сонслоо.

Хуралдааны эхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй баривчлах зохицуулалтыг тусгайлан хуульчилсан. Хуульд тусгайлан заасан тохиолдлын дагуу прокурорын хяналт дор, шүүхийн зөвшөөрөлгүй сэжигтнийг баривчилдаг. Тодруулбал, сэжигтнийг гэмт хэрэг үйлдэж байх үед эсхүл үйлдсэн дор нь барьсан, хуульд заасан хойшлуулшгүй тохиолдолд, мөн гэмт хэрэг үйлдсэн гэж гэрч хохирогч гэж шууд заасан, тухайн хүний хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд гэмт хэргийн ул мөр илэрсэн зэрэг дөрвөн тохиолдолд мөрдөгч сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилдаг.

Харин хойшлуулшгүй тохиолдлыг хүний амь нас эд хөрөнгөд ноцтой хохирол учрах, сэжигтэн, яллагдагч оргон зайлах, хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг устгах, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдэх бодит аюул байгаа тохиолдлыг ойлгохоор хуульд тодорхойлсон.

8520f2cd00164851994000505040619b.jpg

2021 онд шүүхийн шийдвэргүй баривчилсан сэжигтний 14.3 хувийг гэмт хэрэг үйлдэж байх үед эсхүл тэр дор нь барьсан, 9.4 хувийг тухайн хүний хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд гэмт хэргийн ур мөр илэрсэн тохиолдолд, 29 хувийг гэмт хэрэг үйлдсэн гэж гэрч хохирогч шууд заасан тохиолдолд, 47.3 хувийг хуульд заасан хойшлуулшгүй тохиолдолд баривчилсан бол мөн нийт 58132 хэрэг шалгаж, хойшлуулшгүй тохиолдолд 908 сэжигтнийг баривчилснаас 878 сэжигтнийг дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэргүйгээр баривчилсан гэлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр “Сүүлийн гурван жилийн байдлаар нийт 1135 иргэн шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдаад суллагдсан.

Үүнээс 864 иргэнд холбогдох хавтаст хэрэг буюу 76 хувьд нь ХЭҮК-оос дүн шинжилгээ хийсэн. Дүн шинжилгээгээр 631 иргэнд холбогдох хэрэг буюу 73 хувь нь шүүхийн хяналтанд ороогүй байна гэдэг дүгнэлт гаргасан. Үүнээс 529 нь прокурорын байгууллага, 102 нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан тушаалтан 48 цагийн хугацаа дууссан гэдэг үндэслэлээр сулласан байна. Эндээс үзвэл, тухайн иргэнийг 48 цагийн хугацаанд баривчлахдаа хуульд заасан үндэслэлийг баримталсан эсэх анхаарал татаж байна. Тиймээс баривчилгааны асуудлыг шүүхийн хяналтад бүрэн оруулах шаардлагатай.

Нөгөөтэйгүүр, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээний оронд зорчих эрхийг хязгаарлах арга хэмжээг түлхүү хэрэглэх. Мөн хэрвээ шүүхэд мэдэгдэхгүйгээр сулласан тохиолдолд нөхөж мэдэгддэг байх тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай.

Түүнчлэн хуулийн хэрэгжилтийг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх мэдлэг ойлголтыг сургалтаар дамжуулж олгох шаардлагатай байна” гэлээ.