Папиллома вирусийн эсрэг вакцин хийлгэсэн охид умайн хүзүүний хавдраар ӨВЧЛӨХГҮЙ

newslifemn 2023-01-21

Монголд умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх эмэгтэйчүүд сүүлийн үед залуужиж байна. Хамгийн сүүлд хоёр жилийн өмнө 23 настай эмэгтэй энэ өвчнөөр оношлогдсон. Энэ бол бэлгийн амьдрал нь эрт эхэлсэнтэй холбоотой. Ихэнх хорт хавдрын шалтгааныг нарийвчлан тогтоох боломжгүй байдаг бол умайн хүзүүний хорт хавдрын шалтгааны 99.7 хувь нь хүний хөхөнцөр вирус буюу папиллома вирусийн халдвар гэдгийг тогтоосон хэмээн ХСҮТ-ийн эмэгтэйчүүдийн мэс засалч Г.Ням-Од ярив.

Манай улсад 2021 умайн хүзүүний хорт хавдраар 312 хүн оношлогдсон нь эмэгтэйчүүдэд тохиолдох хавдрын хоёрдугаарт, тохиолдлын тоогоор нийт хорт хавдрын тавдугаарт эрэмбэлэгддэг өвчлөл өндөртэй хавдруудын нэг юм.

Папилломавирус 100 гаруй хэв шинжтэйгээс 40 гаруй хэв шинж нь бэлгийн замаар дамждаг дэлхийн хэмжээнд хамгийн өргөн тархсан халдварын тоонд ордог байна. Ихэнх хүмүүс амьдралынхаа хугацаанд папиллома вирусийн халдвар авсан байдаг ч халдвар авсан хүмүүсийн 90 орчим хувийг дархлааны систем нь хамгаалан өвчлүүлэхгүй ба хоёр жилийн дараа вирус халдварлах чадваргүй болдог. Үлдсэн 10 хувь нь өвчилдөг. Эрэгтэйчүүд умайн хүзүүний хорт хввдрыг дамжуулагч болдог байна.

“Энэ вирус олон жилийн хугацаанд биед хуримтлагдан устаагүй тохиолдолд хавдар болон өвчлүүлнэ. Тэр дотроо папиллома вирусийн 16, 18-р хэв шинж нь умайн хүзүүний хавдар үүсгэх хамгийн өндөр эрсдэлтэй. Үүнээс гадна үтрээний, гадна бэлэг эрхтэний хавдар, эрэгтэйчүүдэд шодойн болон хошногоны хавдар үүсгэдэг. Сүүлийн жилүүдэд Монголд толгой хүзүүний хавдар, залгиур хоолойн хавдар нэмэгдэж байгаа шалтгаан нь хүний папиллома вирустэй холбоотой гэж үзэж байна. Папиллома вирус дэлхийн хэмжээнд 11.7 хувь буюу өндөр тархалттай бол Монголын хүн амын 36-37 хувьд тархалттай буюу дэлхийн дунджаас гурав дахин өндөр тархалттай байна” хэмээн Хавдрын үндэсний төвийн тэргүүн, доктор Б.Цэцэгсайхан ярив.

Ихэнх хүмүүс амьдралынхаа хугацаанд папиллома вирусийн халдвар авсан байдаг ч халдвар авсан хүмүүсийн 90 орчим хувийг дархлааны систем нь хамгаалан өвчлүүлэхгүй.

Тиймээс дэлхийн хэмжээнд папиллома вирусээс сэргийлэх вакцин хэрэглэх болжээ. Анх 1970 онд Германы эрдэмтэн папиллома вирусийг нээсэн бол 1990 онд Австралийн хоёр эрдэмтэн уг вирусийн эсрэг вакцин зохион бүтээж, 2006 онд патент авчээ. 2007 оноос дэлхийн улс орнууд дархлаажуулалтын үндэсний хөтөлбөртөө умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакциныг оруулж, бэлгийн харьцаанд ороогүй 9-15 насны охидоо дархлаажуулж эхэлжээ.

Одоогоор дэлхийн 117 улс буюу ДЭМБ-ын гишүүн орнуудын 60 хувь нь товлолын вакцинжуулалтдаа оруулж охиддоо, өндөр хөгжилтэй зарим улс орон хөвгүүддээ дархлаажуулж эхлээд байна. Бэлгийн харьцаанд эрт орох тусам папиллома вирусийн халдвар авч, умайн хүзүүний хавдраар өвчлөх эрсдэлтэй. Мөн жирэмснээс хамгаалах эм удаан хугацаагаар хэрэглэх, тамхи татах, биеийн дархлаа сул байх, бэлгийн хавьтагч олонтой байх зэрэг нь умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх эрсдэлтэй.

ДЭМБ-аас 2030 он хүртэл умайн хүзүүний хавдрыг устгая гэсэн зорилт тавьж, өсвөр насны охидынхоо 90 хувийг папиллома вирусийн эсрэг вакцинжуулалтад, 35-45 насны эмэгтэйчүүдээ папиллома вирусийн шинжилгээнд хамруулахыг уриалж байна. Папиллома вирусийн халдвар бэлгийн замаар дамждаг бөгөөд халдвар авснаас хойш 10 болон түүнээс дээш жилийн дараа хавдар болон хүндэрнэ. Тав болон түүнээс дээш жилийн дараа умайн хүзүүний хавдрын урьтал шинж илэрнэ. Халдвар авсан даруйд өвчлүүлдэггүй учир урьдчилан сэргийлэх, эрт үед нь илрүүлбэл эмчлэх бүрэн боломжтой тавилан сайтай өвчин гэж үздэг.

Монголчууд бид хаана явна?

Монголд уг хавдраар өвчилсөн хүмүүсийн 50 хувь нь хожуу шатандаа оношлогдож, үүний 96 хувь нь 30-аас дээш насны буюу ид нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд байна. Папиллома вирусийн эсрэг вакцин хийлгэдэггүгээс бид эгч, ээжүүдээ цэл залуугаар нь алдаж байгаа нь харамсалтай.

Монгол Улс анх 2012 онд “Мянганы сорилтын сан”-гийн санхүүжилттэй төслийн хүрээнд 9-15 насны охидод папиллома вирусийн эсрэг вакцинжуулалтын хөтөлбөрийг эхлүүлсэн. Тухайн үед хэвлэл мэдээллээр энэ вакцины талаар сөрөг мэдээллүүд цацагдсанаар эцэг, эхчүүдийн эсэргүүцэлтэй тулж, вакцинжуулалтын хөтөлбөр зогссон. Манай улс анх вакцинжуулалтыг эрт эхлүүлсэн орны тоонд орж сайшаагдаж байсан бол өнөөдөр умайн хүзүүний хавдрын өвчлөл өндөртэй, иргэдээ вакцинжуулдаггүй орон болж муу жишээгээр дурьдагдах болов.

2012 онд уг вакциныг хийлгэсэн 1000 орчим охидыг вакцин хийлгээгүй мөн тооны охидтой харьцуулсан судалгааг Хавдрын үндэсний төвийн тэргүүн, доктор Б.Цэцэгсайхан ахалж хийжээ.

Доктор Б.Цэцэгсайхан, Папиллома вирусийн эсрэг вакцины үр дүн ямар байгааг судлахад охидын нөхөн үржихүйд сөрөг нөлөө үзүүлээгүй нь нотлогдсон. Жирэмслэлт, төрөлт хэвийн. Хамгийн гол үр дүн нь вакцин хийлгэсэн охидын дунд папиллома вирусийн халдварын тархалт 10 дахин буурсан үр дүн гарсан. Гэтэл вакцин хийлгээгүй охидын дунд халдвар 10 дахин өндөр байгаа ба энэ охид 10-15 жилийн дараа хавдраар өвчлөх эрсдэл өндөр гэсэн үг. Монголд эмэгтэйчүүдийн байрлалын хавдраар нас барж буй 13 хүний нэг нь умайн хүзүүний хорт хавдраар хорвоог орхидог. Энэ хавдраар оношлогдсоны дараа таван жил амьдрах магадлал 51 хувь, бусад нь нас барах эрсдэлтэй гэсэн судалгааг тэрбээр танилцуулав.

Монголд уг хавдраар өвчилсөн хүмүүсийн 50 хувь нь хожуу шатандаа оношлогдож, үүний 96 хувь нь 30-аас дээш насны буюу ид нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд байна.

Австрали улс 2007 онд папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын хөтөлбөрөө эхэлснээс хойш өдгөө 16 дахь жилдээ дархлаажуулалт хийж, умайн хүзүүний хорт хавдрыг илрүүлэх шинжилгээг хүний папиллома вирусийн шинжилгээ рүү шилжүүлжээ. Ингэснээр 2030 онд умайн хүзүүний хавдаргүй улс болох зорилт тавиад ажиллаж байна. Гэтэл Монгол Улс охид, эмэгтэйчүүдийнхээ эрүүл мэндийг хамгаалах дархлаажуулалтыг эрт эхэлсэн ч эцэст нь татгалзсанаар умайн хүзүүний хавдрын өвчлөл, нас баралтаар хамгийн өндөр орны нэг болчихоод байна.

Папиллома вирусийн эсрэг уг вакцин хавдраас сэргийлж буй нь нэгэнт нотлогдсон тул манай улс 2022 оноос ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажулалтын кабинетэд уг вакциныг төлбөртэй хийж эхэлсэн. 9-15 насны бэлгийн харьцаанд ороогүй охид вакцин хийлгэх ба зургаан сарын зайтай хоёр тун хийлгэвэл ирээдүйд умайн хүзүүний болон бусад хавдраас сэргийлэх боломжтой. Насанд хүрсэн хүн ч шинжилгээ өгөөд папиллома вирусийн халдваргүй бол вакцин хийлгэх болох юм байна.

Монгол Улсын Засгийн газраас Умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн хөтөлбөрийг 2013 оноос хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөрт 30-60 насны эмэгтэйчүүдийг гурван жил тутамд хамруулах бөгөөд 33, 36, 39, 42… настайдаа гэх мэтээр гурван жилд нэг удаа Өрхийн эмнэлэгтээ хандаж, умайн хүзүүний хавдрын шинж тэмдэг байгаа эсэхийг тогтоох эсийн шинжилгээ үнэ төлбөргүй өгнө. Энэ жил 1993 оны эмэгтэйчүүд 30 нас хүрч, эсийн шинжилгээ өгөх товлолт хугацаа нь болж байна.

Анх 2012 онд дэлхийтэй хөл нийлүүлэн охидоо умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх вакцинаар дархлаажуулж эхэлсэн Монгол Улс энэ шийдвэрээсээ ухарснаар хавдрын өвчлөл, нас баралт хамгийн өндөртэй улс боллоо. Арван жил тасалдсан папиллома вирусийн эсрэг вакциныг дархлаажуулалтын үндэсний хөтөлбөртөө оруулж, охид эмэгтэйчүүдээ хорт хавдраас сэргийлэх бодлого хэрэгжүүлэх цаг болжээ.