Улсын Их Хурлын чуулганы (2023.01.12) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар есөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг дэмжлээ
Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүд, эдгээртэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх, асуудлыг хэлэлцлээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн багц хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлүүдийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Аюурсайхан танилцуулсан юм.
Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн зорилт нь нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлэх, бие даасан, олон давхаргат тогтолцоонд шилжүүлэх, сангийн хөрөнгийг зохистой удирдаж, алдагдалгүй түвшинд хүргэх, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чиглэж буй юм.
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нийгмийн даатгалын тогтолцоо, зарчим, төрөл, хэлбэр, хамрах хүрээг тогтоох, нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, уг санг удирдах, хөрөнгийг хуваарилах, зарцуулах, тайлагнах, хяналт тавих, сангийн хэтийн тооцооллыг хийх, эрсдэлийг үнэлэх, нийгмийн даатгалд даатгуулах, шимтгэл төлөх, цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын итгэлцүүр, шимтгэлийг нөхөн төлүүлэх, буцаан олгох, тэтгэврийн нөөц санг байгуулах, нэрийн дансны бүртгэлийг мөнгөжүүлэх, мөнгөжүүлсэн орлогыг өвлүүлэх, шимтгэлийн өр, хөөн хэлэлцэх хугацааг тогтоох, мэдээллийн нэгдсэн сан болон нийгмийн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлох харилцааг тусгасан талаар сайд танилцуулав.
Харин Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх, тэтгэврийн насыг жил бүр гурван сараар нэмэгдүүлж буйг хэвээр үргэлжлүүлэх, тэтгэврийг жил бүр хэрэглээний үнийн өсөлтөөр нэмэгдүүлдэг болгох, тэтгэвэр бодох аргачлалд өөрчлөлт оруулах, олон жил шимтгэл төлөхийг урамшуулах, тэтгэвэр тогтоолгох дараалсан жилийг 84 сар байгааг 60 сар болгож бууруулах, өндөр насны тэтгэврийн тусгай зохицуулалт болон бусад нөхцөлийг тусгасан байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тэтгэмжийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны, нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд тэтгэмж олгохоор харин ажилгүйдлийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж, ажил олгогчид шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэхээр өнөөдрийн мөрдөж буй хуулийн зохицуулалтыг хэвээр хадгалж, харин бөөрний хүнд хэлбэрийн дутагдал, эрхтэн шилжүүлэх мэс засал хийлгэсэн болон эрхтэний донор болсон даатгуулагчид хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох хугацааны нэг удаагийн дээд хязгаар нь ажлын 66 хоног байгааг 132 хоног болгож нэмэгдүүлснийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Аюурсайхан дурдлаа.
Нэг болон ихэр хүүхэд төрүүлсэн эхийн амаржсаны тэтгэмжийг одоо мөрдөж буй хуульд адил хугацаагаар бодохоор заасныг өөрчлөн ихэр хүүхэд төрүүлсэн эхчүүдэд тэтгэмжийг 20 хоног нэмэгдүүлэн олгохоор тусгажээ. Мөн ажилгүйдлийн даатгалын сангаас олгох тэтгэмжийг бодох хувийг нэмэгдүүлэн, даатгуулагчийг ажилгүй болохоос урьдчилан сэргийлэх, ажлын байранд нь тогтвор, суурьшилтай, урт хугацаанд ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ажил олгогчид таван жилд нэг удаа 10 хувиар шимтгэлийн хөнгөлөлт үзүүлж байсныг гурван жилд нэг удаа 15 хувиар үзүүлэхээр заасан байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд үйлдвэрлэлийн ослын улмаас сул зогссон хугацаанд хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгосон ажилтнаа тохирсон ажлын байраар хангасан тохиолдолд шимтгэлээс чөлөөлөхөөр, урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлын төлбөрийг даатгалын сангийн тухайн жилийн шимтгэлийн орлогын хоёр хувиас ихгүй байхаар, тэтгэвэр авагчдын протез, ортопедын үнийг таван жилд нэг удаа 100 хувиар, дараагийн удаа 50 хувиар тооцон сангаас хариуцаж байсныг гурван жил тутамд 100 хувиар хариуцахаар тусгасан байна. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулсан ажил олгогчид шимтгэлийн хөнгөлөлтийг гурван жилд 10 хувиар тооцон үзүүлдэг байсныг 15 хувь болгон нэмэгдүүлсэн, даатгуулагч тэтгэвэр, тэтгэмж авах өргөдлөө цахимаар өгөх, үйлчилгээг түргэн шуурхай болгох боломжийг бүрдүүлсэн талаар сайд Т.Аюурсайхан танилцууллаа.
Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүд, эдгээртэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв. Байнгын хороо хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл бүрээр Ажлын хэсэг байгуулж, нягт нямбай ажиллахыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар чиглэл болгов.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Аюурсайхан:
- Нийгмийн даатгалын харилцааг зөвхөн нийгмийн даатгалын хууль тогтоомжоор зохицуулна;
- Даатгуулагчийн шимтгэл төлөх, тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын өнөөгийн үнэ цэнийг тодорхойлоход итгэлцүүр хэрэглэнэ. Тэтгэврийн зөрүү үүсэхгүй байх эрх зүйн орчинг бүрдүүлнэ;
- Нэрийн дансны орлогыг мөнгөжүүлж үе шаттай хагас хуримтлалын тогтолцоонд шилжүүлнэ;
- Мөнгөжүүлсэн орлогын тодорхой хувийг Хуримтлалын нэгдсэн санд байршуулах замаар эрүүл мэнд, боловсрол, орон сууцны санхүүжилтийн эх үүсвэрт зарцуулах нөхцөл бүрдэнэ;• Нэрийн дансны мөнгөжүүлсэн орлогын тодорхой хэсгийг хууль ёсны өв залгамжлагчид нь өвлүүлнэ;
- Хувийн нэмэлт тэтгэврийн хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, олон эх үүсвэрээс тэтгэвэр авах нөхцөл бүрдэнэ;
- Тэтгэврийн хэмжээг жил бүр инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлдэг болно;
- Өндөр насны тэтгэвэр бодох арга сонголттой болно;
- Нас барсан тэтгэвэр авагчийн эхнэр, эсхүл нөхрийнх нь өндөр насны тэтгэврийн хэмжээг 20 хувиар нэмэгдүүлдэг болно;
- Тэтгэвэр бодох сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тооцох дараалсан 7 жилийг 5 жил болгоно;
- Нийгмийн даатгалын шинэчлэлийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэхгүй;
- Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эрсдэлгүй санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулан, сангийн тогтвортой байх нөхцөл бүрдүүлнэ;
- Нийгмийн даатгалын үйлчилгээ бүрэн цахимжина;• Нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөж, ирээдүйн нийгмийн баталгааг хангана;
- Урт хугацаанд улсын төсөв болон нийгмийн даатгалын сангийн ачаалал буурна гэв.
0 cэтгэгдэлтэй