Түлш тасрах аюулыг даван туулах бодит арга хэмжээ хэрэгтэй байна Г.Дамдинням сайд аа

newslifemn 4 цагийн өмнө

Ойрын үед дэлхийн шатахууны нийлүүлэлт гэнэт доголдож, үнэ нэмэгдэх эрсдэл эрчимтэй нэмэгдэж байна. Ираны дайн, Ормузын хоолойн хаалттай холбоотойгоор дэлхийн газрын тосны гол урсгал тасарч, нефтийн үнэ баррель нь 110 ам.долларт хүрсэн нь зөвхөн үнийн асуудал биш, аюулын дохио болж байна.

Манай улс гаднаас шатахуунд бүрэн хамааралтай тул, хомсдол хамгийн хурдан хугацаанд ирэх эрсдэлтэй. Үнэтэй нөөц, хадгалах сав, үнэ гэх мэт асуудлууд энэ үед 1000 дахь асуудал мэт харагдана. Гол аюул нь түлш шатахуун бүрэн тасрахад ойрхон байгаад оршиж байгаа явдал юм. Нэг литр шатахууны үнэ нэмэгдэж эхэлмэгц, бараа тээвэрлэлтийн өртгийг шууд нэмэгдүүлж, улмаар хүнсний бүтээгдэхүүнээс эхлээд барилгын материал, өргөн хэрэглээний бараа гээд бүхний үнэ дагаад өсөх нөхцөл бүрддэг. Эцэстээ энэ ачаалал энгийн иргэдийн нуруун дээр буудаг.

Гэвч бодлого ярих ёстой хүмүүс улс төржиж, албан тушаал, эрх мэдлийн төлөө тулалдаж байна.  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны хомсдлын талаар “болдог л үзэгдэл, өмнөх сайдуудын үед ч ийм зүйл гарч байсан” хэмээн тайлбарлаж байсан.  Гэтэл өнөөдрийн нөхцөл байдалд шатахууны үнэ өсөх байх аа гэсэн даапаалсан маягийн үг хэлээд сууж байх юм. Тэрбээр, “Дайнтай холбоотойгоор газрын тосны бүтээгдэхүүний үнэ эрс нэмэгдсэн. Энэ нь манай улсын зах зээлд нөлөөлж бинзен шатахууны үнэ нэмэгдэж магадгүй” гэсэн яриаг хэвлэлд өгчээ.  Энэ бүхнээрээ түлш тасрахад тун ойрхон шүү гэсэн санааг агуулаад байх шиг.

Өнөөдөр бидэнд хэрэгтэй зүйл бол улс төрийн тайлбар биш, түлш тасрах аюулыг даван туулах бодит, хурдан арга хэмжээ юм. Хэрэв энэ эрсдэлийг үл тоовол, иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлөх бодит хямрал ойртсоор байна.