Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нар өнөөдөр (2026.01.16) аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон Засаг дарга нартай уулзлаа. УИХ-ын дарга Н.Учрал 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэн баталсан онцлох хууль тогтоомжууд, төрийн бүх шатны хүнд суртлыг арилгах зорилготой “Чөлөөлье” санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй эрх зүйн шинэчлэл болон Монгол Улсыг ирэх таван жилд хөгжүүлэх үндсэн чиглэлээс зорилтот ажлуудыг танилцууллаа. Илтгэлийнхээ эхэнд УИХ-ын дарга, шинэ цаглавраар батлагдсан Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хууль нь эдийн засаг дахь төрийн оролцоог хумих, хувийн хэшлийг дэмжихийн зэрэгцээ олон нийтийн саналд үндэслэн хүний хөгжил, эрүүл мэнд, боловсролын салбарт түлхүү анхаарснаараа онцлогтой хэмээн тодотгов.
Төсвийн тэнцвэржүүлсэн орлого, дотоодын нийт бүтээгдэхүүний харьцааг 30 хувь хүртэл бууруулснаар татварын реформ хийх орон зайг гаргасан бөгөөд бизнес эрхлэгч, дотоодын аж ахуйн нэгжийг бодитоор дэмжих боломж бүрдсэнийг дурдлаа. Түүнчлэн энэ оны төсвийн тухай хууль нь хийсвэр төсөөллөөс илүү бодит тоонуудад үндэслэж, мөчлөг сөрсөн бодлогыг хэрэгжүүлэхээр зорьсон тул аймаг, орон нутгийн удирдлагууд, төсвийн захиран зарцуулагчид ч нэгдмэл байр сууринаас сахилга бат, хариуцлагатай ажиллахыг санууллаа. Улсын Их Хурлаас баталсан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр төсвийн зарлагын хязгаарт багтаагүй төсөл, арга хэмжээнүүдийг аймаг, орон нутаг бие даан шийдвэрлэх эрхийг баталгаажуулж, сонгон шалгаруулалтын хугацааг 1-6 сар болгон багасгаж, үе шатыг нь цөөлсөн болохыг тодотгов. Иймд бүс нутгийн нөөц, боломжид тулгуурлан хөрөнгө оруулалт татах, төр хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэх зорилтот арга хэмжээг зохион байгуулах хэрэгтэйг УИХ-ын дарга хэллээ.
Мөн Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт нь ган зуд, гамшигт үзэгдлийн хохирлыг бууруулахад чиглэж, холбогдох болзлыг багасгаж, малчид нөхөн төлбөрөө нэг удаа урьдчилан авах боломжийг олгосон талаар танилцуулсан юм. УИХ-ын дарга үргэлжлүүлэн газрын хэвлийн баялгаас орон нутгийн хүртэх шууд ба дам өгөөжийг нэмэгдүүлэх, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, ил тод байдлыг сайжруулахад эрх зүйн орчноор дэмжиж ажиллахаа илэрхийлээд, Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх Хянан шалгах түр хороо үр дүнтэй ажилласнаар УИХ-ын тогтоол батлагдсаныг хэллээ.
Үүнээс гадна Иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах 16 багц арга хэмжээ бүхий Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд чиглэл өгөх УИХ-ын тогтоолыг баталж, ажлын хэсгийн гишүүд чуулганы завсарлах хугацаанд хэрэгжилтийг хангуулахаар ажиллаж буйг тодотгов. Мөн ногоон эдийн засгийг дэмжиж, дэд бүтцийг хөгжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг нэмэгдүүлэх замаар эрчим хүчний импортын хараат байдлыг бууруулах зорилготой Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолыг баталсан талаар танилцуулсан юм. Уг тогтоолд орон нутгийн сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих 100 мВт -ын тархмал эх үүсвэр, автозамын сүлжээ, экпортын боомтуудын 100 байршилд цахилгаан машин цэнэглэх иж бүрэн зогсоол, цогцолбор байгуулах ажлууд багтсан байна. Орон нутгийн түвшинд эрчим хүчний асуудлыг бие даан шийдвэрлэх гарц бол сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг нэмэгдүүлэх шийдэл гэдгийг УИХ-ын дарга тодотгож байв.
Уулзалтын төгсгөлд иргэний эрх, улс төрийн эрх, эдийн засгийн эрх гэсэн гурван тулгуурт эрх чөлөөг баталгаажуулах зорилт бүхий “Чөлөөлье” санаачилгыг дэвшүүлж, энэ хүрээнд 12 ажлын хэсэг байгуулагдсаныг онцоллоо. Энэ нь иргэн, бизнесийг хэт их зохицуулалтаас улбаатай хүнд суртал бүхий хоцрогдсон эрх зүйн орчноос чөлөөлж, төрийн үйл ажиллагааг цомхон, ил тод, хариуцлагад суурилсан шинэ түвшинд хүргэх зорилготой цогц шинэтгэл юм. “Чөлөөлье” санаачилгын хүрээнд Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон дагалдах 90 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, ирэх хаврын чуулганаар хэлэлцэх талаар танилцууллаа. Мөн Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хууль, Төлбөрийн чадваргүйдлийн тухай хууль, Арилжааны тухай хууль болон Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр бэлтгэж буйг дурдлаа. Энэ бүхний цаана төр, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчмыг хатуу баримталж, эрүүл, чөлөөт зах зээлийг бодитоор дэмжиж, бизнес эрхлэгчид, дотоодын аж ахуйн нэгжүүдэд ээлтэй татварын реформ хэрэгжүүлэхийг зорьж буйг хэлэв.
Монгол Улсын Үндсэн хуулийн өдрөөр УИХ-аас 2026 оныг Хүүхэд хамгааллын жил болгон зарлаж, гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална гэсэн Үндсэн хуулийн заалтыг бүх шатанд хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлсэн. Энэ хүрээнд хаврын чуулган эхэлмэгц Гэр бүлийн тухай хууль болон Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхээр төлөвлөж буй аж. УИХ-ын даргын илтгэлийн дараа аймаг, орон нутгийн удирдлагууд асуулт асууж, үг хэлэв. Тэдний хувьд сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг нэмэгдүүлэх бодлогыг дэмжиж ажиллахаа илэрхийлээд, Худалдан авах ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцүүлгийг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулахад анхаарахыг уламжилж, төр өөрөө хамгийн том худалдан авагч болсныг шүүмжилж байв. Түүнчлэн татварын хуулийн реформын хүрээнд АМНАТ-ийн тогтолцоог шинэчлэх ёстой гэдэгт санал нэгдэж, эрх мэдлийн төвлөрлийг сааруулж, эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах цогц шинэчлэлийг орон нутгийн хэмжээнд дэмжиж ажиллахаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

0 cэтгэгдэлтэй