ХЗБХ: Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэв

newslifemn 4 цагийн өмнө

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2025.12.30/ хуралдаан 15.03 цагт УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Баасанжаргал, Э.Батшугар, Ж.Баярмаа, Г.Дамдинням, Б.Дэлгэрсайхан, У.Отгонбаяр, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Л.Соронзонболд, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Дав.Цогтбаатар, С.Эрдэнэболд нарын гишүүд ирж, 51.9 хувийн ирцтэйгээр эхэллээ.  Хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир даргалан явуулав.

Байнгын хороо Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэв. Монгол Улсын Их Хурлын 2021 оны 95, 96 дугаар тогтоолоор томилогдсон Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу Хууль зүйн байнгын хорооноос Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийг 2025 оны 10 дугаар сард байгуулсан юм. Ажлын хэсэг сонгон шалагруулалтыг хууль, журмын хүрээнд зохион байгуулж нэр дэвшигчдийг Хууль зүйн байнгын хороонд санал болгосны дагуу Хууль зүйн байнгын хорооноос нэр дэвшигчийн томилгооны сонсголыг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулсан. Уг сонсголын тайланг Сонсгол даргалагч, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг танилцуулсан.

Монгол Улсын шүүхийн тухай хуульд Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг Улсын Их Хурал нээлттэйгээр нэр дэвшүүлж, сонгон шалгаруулсны үндсэн дээр нэр дэвшигчийн сонсгол хийж, томилохоор заасан.

Монгол Улсын шүүхийн тухай хуульд Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод, хараат бусаар зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг олон талын тэнцвэртэй төлөөллийн үндсэн дээр байгуулна гэж заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг ахалж, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн С.Дондов, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хуулийн бодлогын газрын дарга Ж.Мөнхболд, Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар, Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал Б.Амарсанаа, Монголын хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат, Монголын өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноров, Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн ажлын албаны Хуулийн бодлогын хэлтсийн ахлах зөвлөх Г.Оргилболд, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх Х.Номингэрэл, Шүүхийн сургалт, мэдээллийн академийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн, Шихихутуг их сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б Нармандах нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан юм.

Ажлын хэсэг Монгол Улсын шүүхийн тухай хууль, Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журмын дагуу сонгон шалгаруулалтын зарыг нийтэд мэдээлэх, нэр дэвших тухай хүсэлт, материал хүлээн авах, нэр дэвшигчээр бүртгэж нийтэд мэдээлэх, илтгэгч гишүүнийг томилох, нэр дэвшигчийн баримт бичгийг parliament.mn цахим хуудсанд байршуулах, нэр дэвшигчийн талаар мэдээлэл цуглуулах, шинжлэн судлах, нэр дэвшигч тус бүртэй ажлын хэсгийн ярилцлага зохион байгуулах, нэр дэвшигчийг тодруулан Улсын Их Хуралд санал болгох гэсэн тодорхой үе шатын хүрээнд сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй, ил тод зохион байгуулжээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд нээлттэй, ил тод, хүртээмжтэй байдлаар мэдээлэн хүсэлт, материалыг 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 21 хоногийн хугацаанд хүлээн авсан бөгөөд тус хугацаанд 25 хүн материалаа ирүүлсэн. Ажлын хэсэг хүсэлт, материалыг хүн тус бүрээр хэлэлцэн хууль тогтоомжид заасан шаардлага хангасан гэж үзэн тус 25 хүнийг сонгон шалгаруулалтын оролцогчоор бүртгэсэн байна. Сонгон шалгаруулалтад 25 нэр дэвшигч оролцсоноос 1 нэр дэвшигч өөрийн хүсэлтээр нэрээ татсан бөгөөд Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу санал хураалтын дүнгээр ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авсан нэр дэвшигчийг саналын дарааллаар эрэмбэлэн сул орон тоогоор нэр дэвшүүлж, Байнгын хороонд хүргүүлэх заалтын дагуу нэр дэвшигч Хүрэлбаатарын Эрдэм-Ундрах, Чадраабалын Баянжаргал, Цэнд-Аюушийн Жавхлантөгс, Чинзоригийн Өнөржаргал нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшүүлэн Хууль зүйн байнгын хороонд танилцуулсан байна.

Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын шүүхийн тухай хууль, Нийтийн сонсголын тухай хууль, Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журамд заасны дагуу нэр дэвшигчийн сонсголыг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулж сонсголын тайланг гаргасан хэмээн танилцуулсан юм.

Хууль зүйн байнгын хороо энэ өдрийн хуралдаанаараа нэр дэвшигчийн сонсголын тайлан болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 108 дугаар зүйлд заасны дагуу хэлэлцэв.

Байнгын хорооны хуралдаанаар тус асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар, Д.Ганбат, Ж.Баярмаа, Ц.Сандаг-Очир нар нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авч, УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Х.Баасанжаргал, С.Эрдэнэболд, Б.Энхбаяр, Д.Ганбат, Ц.Сандаг-Очир нар байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал нэр дэвшигчдийн талаар нууц санал хураалт явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй. Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 108 дугаар зүйл, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 77 дугаар зүйл, Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 6 дугаар тогтоолоор баталсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журмын 13 дугаар зүйлийн 13.5, 13.6 дахь хэсэгт заасны дагуу нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулсан бөгөөд нэр дэвшигч Хүрэлбаатарын Эрдэм-Ундрах, Чадраабалын Баянжаргал нарыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилуулах нь зүйтэй гэж үзэв. Харин нэр дэвшигч Цэнд-Аюушийн Жавхлантөгс, Чинзоригийн Өнөржаргал нар нь Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын санал авсангүй. Эцэст нь Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Дараа нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ.

Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Улсын Их Хуралд ирүүлсэн юм.

Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 11 дүгээр сарын 24, 25-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцсэн.

Энэхүү хуралдаанаар Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… эрх чөлөө, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 16 дахь заалтын “… үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх … эрх чөлөөтэй. …”, мөн зүйлийн 17 дахь заалтын “төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. …”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль … бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг тус тус зөрчсөн гэж дүгнэж, дээрх хуулийн заалтыг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэн, Цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг гаргасан юм. Байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн талаар танилцуулсан бөгөөд УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Г.Уянгахишиг, Ж.Баярмаа, С.Эрдэнэболд нар асуулт асууж, хариулт авав.

Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… эрх чөлөө, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 16 дахь заалтын “… үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх … эрх чөлөөтэй. …”, мөн зүйлийн 17 дахь заалтын “төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. …”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль … бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг тус тус зөрчсөн байна гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2.2 дахь заалтын дагуу Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн зүйл, хэсэг, заалт бүрээр санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээн зөвшөөрсөнгүй.

Ингээд Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттай харилцах газраас мэдээллээ.