“Энержи Ресурс” ХХК “Чайна Энержи”- д зах зээлийн ханшаар нүүрс нийлүүлнэ

newslifemn 4 цагийн өмнө

БНХАУ-ын Худалдааны яам, Шанхай хотын Ардын засгийн газар хамтран 8 дахь удаагийн “Хятадын Олон Улсын Импортын Экспо” арга хэмжээ энэ сарын 5-10 ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Тус экспогийн үеэр Энержи ресурс компанийн Гүйцэтгэх захирал Д.Энхбат, болон Худалдаа хариуцсан дэд ерөнхийлөгч Т.Түвшинбаяр нарын ахалсан компанийн төлөөлөгчид БНХАУ-ын Чайна Энержи групп компанийн гадаад түншүүдийн арга хэмжээнд оролцож, хоёр компанийн урт хугацааны стратегийн хамтын ажиллагааны хүрээнд ирэх жил 4.9 сая хүртэлх тонн баяжуулсан коксжих нүүрс, 1.0 сая тонн баяжуулсан сул коксжих нүүрсийг зах зээлийн үнэ ханшаар нийлүүлэхээр тохиролцож, гарын үсэг зуран баталгаажуулав.

2018 оны 4-р сард Энержи Ресурс ХХК нь БНХАУ-ын Чайна Энержи нүүрс коксын компанитай нүүрсний худалдаа, тээвэр логистикийн хамтын ажиллагааны чиглэл, цар хүрээг тодорхойлж, 10 жилийн стратегийн хамтын ажиллагааны гэрээг байгуулсан билээ.

Энэ хүрээнд БНХАУ-ын Ганцмод боомт дахь Чихэнг нүүрс сэлгэн ачиж буулгах, гаалийн баталгаат агуулахын талбайг 2021 онд хоёр талын хамтын хөрөнгө оруулалтаар байгуулан, ашиглалтанд оруулсан. Тус байгууламж нь чингэлэг буулгах талбай, таван ширхэг нүүрсний ангартай, орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан бөгөөд жилд 7.0 сая тонн нүүрс хүлээн авах хүчин чадалтайгаар ажиллаж байна.

Энэ жил эхлүүлсэн Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төслийн ажлыг Чайна Энержи компани амжилттай хэрэгжүүлж дуусгаснаар хоёр талын хамтын ажиллагааны цар хүрээ илүү өргөжих нөхцөл, боломж бүрдэх юм.