Ж.Бат-Эрдэнэ: УИХ-ын бүх үйл ажиллагаа “Хүн төвтэй парламент” гэсэн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэж байна

newslifemn 2024-11-12

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай асуудлыг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, “Энэ удаагийн стратеги төлөвлөгөөний гол онцлог нь УИХ-ын бүх үйл ажиллагаа “Хүн төвтэй парламент” гэсэн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэж байна” гэв.
Өмнөх парламентуудын стратеги төлөвлөгөө дотогшоо чиглэсэн бодлого баримталж байсан бол энэ удаа 60-70 хувийг гадагшаа буюу иргэд рүү чиглэсэн бодлого баримтлахаар зорьж байна.
Иймд Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны төлөвлөгөө хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санааг төгөлдөржүүлсэн, олон талт түншлэлийг сайжруулж, үндэсний язгуур эрх ашгийг цогцлоосон, дижитал шилжилтийг ашиглан хяналт шалгалтыг дээшлүүлэхэд анхааран ажиллахаар нийт 5 зорилго, 17 зорилтыг дэвшүүллээ.