ААН-үүдийн 95 хувь нь “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд мод тарихад санхүүжилт дутагдалтай байна

newslifemn 2023-10-10

ЗГХА Ойн газраас “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн хүрээнд салбаруудын төлөөлөлтэй долоо хоног бүрийн мягмар гарагт цуврал уулзалт зохион байгуулж байгаа билээ. Энэ хүрээнд банк, санхүүгийн байгууллага, компанийн төлөөлөлтэй “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-д уулзлаа. Уулзалтад 18 нь байгууллагын 30 гаруй хүн оролцсон юм.
Уулзалтын эхэнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг аймаг, орон нутагт судалсныг хөтөлбөрийн менежер Л.Цэрэнням танилцууллаа. Тэрбээр олон нийтийн байгууллагуудын оролцоотойгоор “Тэрбум мод” хөдөлгөөний зорилт, биелэлт, хэрэгжилт, үр дүн, учирч буй бэрхшээлийн талаар аймаг, орон нутагт ярилцлага уулзалт зохион байгуулж, судалгаа хийж ирснийг дурдаад, судалгаанд хамрагдсан, мод тарьж буй байгууллага, ААН-үүдийн 95 хувь нь хөдөлгөөний хүрээнд мод тарихад санхүүжилт дутагдалтай байна гэснийг уламжиллаа.
”Тэрбум мод” хөдөлгөөний зорилтыг судалгаанд оролцогчдын 74 хувь нь улсын хэмжээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх гэж хүлээн авч буй бол 58 хувь нь ногоон ажлын байрыг нэмэгдүүлэх, 47 хувь нь энэ нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үйл ажиллагаа юм хэмээн хариулжээ. Түүнчлэн:
32 хувь нь цөлжилт, газрын доройтлыг бууруулах,
37 хувь нь агро-ойн аж ахуйг хөгжүүлэх,
21 хувь нь авто замуудын дагуу ойн зурвас байгуулах,
32 хувь нь доройтсон ойг нөхөн сэргээх,
11 хувь нь олон нийтийн экологийн боловсролыг дээшлүүлэх зорилготой хэмээн хүлээн авч буйгаа илэрхийлжээ.
ЗГХА Ойн газрын дарга Б.Оюунсанаа компанийн төлөөллүүдтэй нээлттэй ярилцаж, зарим байгууллагуудад арга зүйн зөвлөгөө өглөө. Тэрбээр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд техник, тоног төхөөрөмжийг гааль болон НӨАТ-ын татвараас хөнгөлж, чөлөөлж байсан ч Ковидын цар тахлын дараагийн жилээс эдгээрийн хугацаа дуусгавар болсон учир эрх зүйн энэ талын үйл ажиллагааг эргэж үйлчлүүлэх талаар Сангийн яамтай ярилцаж байгаа талаар дурдаж “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд тарьж буй модыг бүртгүүлэх болон мэргэжлийн байгууллагуудтай холбож өгөх “terbummod.mn” апп-аас мэдээлэл авах гарцыг танилцууллаа.