Нийслэлийн суурьшлын бүсэд Бамбай хоншоорт могой ихээр үзэгдэх болсон тул сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна

newslifemn 2023-07-19

Зуслангийн бүс, орон нутагт амралт, аялал зугаалгаар явахдаа могойд хатгуулахаас урьдчилан сэргийлье.

Богдхан уулын дархан цаазат газар болон Нийслэлийн суурьшлын бүсэд Бамбай хоншоорт могой ихээр үзэгдэх болсон тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Бамбай хоншоорт могой нь ихэвчлэн хад асгатай газраар амьдардаг 70 орчим см урттай, ерөнхий зүс хул шарга юм уу хар хүрэн өнгөтэй, өнгө нь маш хувирамтгай байдаг. Нуруу ба сүүлний дагуу хөндлөн цагаан судалтай, биеийн хоёр хажуугаар тууш эгнэсэн цайвар бараан толботой, хүүхэн хараа нь босоо байна. Мөн нүд хамрын хооронд гүнзгий хонхортой тул зэрвэс ажиглахад хамрын 4 сүвтэй мэт байдгаараа бусад могойноос хялбар ялгагдана.

Бамбай хоншоорт могойд хатгуулсан тохиолдолд нэн яаралтай ойр байрлах эмнэлгээс анхан шатны тусламж авах шаардлагатайг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.

Нийслэлийн суурьшлын бүсэд могой харсан иргэд НБОГ-ын 11-323780, Ажлын бус цагаар НШЭЗТ-ийн 11-310005 дугаарын утсаар дуудлага өгөөрэй.