Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Монгол Улс энэ жил нэг сая жуулчин хүлээн авах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ хүрээнд аялал жуулчлалын салбарыг олон улсад сурталчлах, Монголд оронд зорин ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор олон улсын форум хэлэлцүүлэг, соёл, урлаг, тэмдэглэлт арга хэмжээг тогтмол зохион байгуулж хамтын ажиллагааг өргөжүүлж байгаа юм.
Өнөөдөр Солонгосын жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилготойгоор Солонгосын аялал жуулчлалын тур операторуудтай хамтарч ажиллах Монгол-Солонгосын аялал жуулчлалын тур операторуудын форум Корпорейт Конвейншн төвийн хурлын танхимд болж байна. Энэ удаагийн форумд БНСУ-аас аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг 90 орчим компани, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 100-150 тур оператор компаниудын төлөөлөл оролцож байна.
Энэ үеэр БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, “2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Солонгос улсаас ирэх жуулчдын тоог эрс нэмэгдүүлэх бодлогыг барьж ажиллаж байна. 2019 онд БНСУ-аас 100 мянга орчим жуулчин ирж байсан бол энэ онд энэ тоог дахин нэг нэмэгдүүлж 200 мянгад хүргэх төлөвлөгөөтэй байна. Өнөөдөр БНСУ-аас аялал жуулчлалын 90 орчим компани, Монголоос 100 гаруй компани жуулчин солилцох гэрээ байгууллаа. Ер нь Солонгосоос ирж байгаа жуулчид Монгол орны байгаль, түүх дурсгалыг ихэд сонирхож байна. Ялангуяа гэр бүлээрээ ирж Монголын говьд тэнгэрийн оддыг харах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна. Тийм учраас ихэнх нь говийн аялал руу чиглэж байна. Мөн Монгол орны үзэсгэлэнт байгальд wifi-гүй орчинд хүүхдүүдтэй аялахыг хүсэж байна гэлээ.
0 cэтгэгдэлтэй