Эрчим хүчний реформ: Айвал бүү хий, хийвэл бүү ай!

newslifemn 2024-10-29

Цөмийн зэвсэгтэй, эдийн засгаар хүчирхэг, хүн ам олонтой, авторитори тогтолцоотой хоёрхон хөрштэй, жийргэвч орны хувьд Монголын геополитикийн эмзэг, сул тал нь газарзүйн байршил нь болдог. Нөгөө талдаа газарзүйн сул талаа давуу тал болгож чадвал 267 километрын урд дэлхийн хоёр номерын эдийн засаг оршиж байна. Том эдийн засаг, Хятадын аж үйлдвэржилтийг дагасан эрчим хүчний асар их эрэлт хэрэгцээ ч бий болсон.

Монголд  эрчим хүчний бүх түүхий эд, эс үүсвэр нь байна. Нүүрс, уран, нар, салхи, ус гээд айлаас гуйхгүйгээр эрчим хүчний хэрэглээгээ хангахаас гадна гадагшаа илүүлчлэх асар боломж, бололцоотой газар нутаг дээр бид амьдарч байна. Атал Монгол Улс өнөөдөр эрчим хүчний хэрэглээгээ хангаж дийлэхгүй, өвлөөс өвлийг “аргалж” өнгөрөөхөд хүрсэн нь гадаад хүчин зүйлээс илүү эрх ашгаа эрэмбэлж чаддаггүй дотоодын улс төр, улстөрчидтэй холбоотой юм.


  1. Орос-Украины дайн даяаршсан дэлхий нийтийг дангааршсан эрчим хүчний аюулгүй байдалдаа анхаарлаа хандуулахад хүргэсэн. Сүүлийн 50 жилд болж байгаагүй эрчим хүчний хямралд дэлхий дахин өртөж, улс орнууд эрчим хүчний шинэ эх үүсвэр, ханган нийлүүлэгчийн эрэлд гарсан. Эрчим хүчний салбарт гол тоглогч байсан Орос Украины эсрэг түрэмгийллээсээ болж, хоригт өртсөн нь Европын орнуудыг эрчим хүчний хямралд оруулав. Оросын эхлүүлсэн эрчим хүчний дайны хохирогч болсон олон орон бий, Орос өөрөө ч асар их хохирол амсаж байгаа нь бодит үнэн.

Дайн эхэлсний дараахан Вашингтон ОХУ-аас импортолдог нефть, хий, нүүрсний импортоо зогсоох шийдвэр гаргасан. Их Британи болон Европын холбооноос Оросын эрчим хүчний хараат байдлаас гарах арга зам хайж буй юм.

Дайны хоригийн улмаас эрчим хүчний үнэ дэлхий дахинд тогтворгүй байгаа агаад импортоо төрөлжүүлэх замаар аюулгүй байдлаа хангах арга хэмжээи улс орнууд авах болсон билээ.

Олон улсын эрчим хүчний агентлаг  2040 он гэхэд улс орнуудын эрчим хүчний хэрэглээний өсөлт 30 хувиас давна гэсэн урьдчилсан таамаглал дэвшүүлэх болсон.   Тиймээс дэлхийн улс орнууд эрчим хүч гаргаж авдаг түүхий эд, эх үүсвэрийнхээ тоог нэмэгдүүлэхэд хөрөнгө мөнгөө хаяж байна. Дайнаас хойш Хятад эрчим хүчний гол эх үүсвэр болох нүүрснээс хамааралтай байдлаа аажмаар багасгаж, эрчим хүч гаргаж авдаг эх үүсвэрээ солонгоруулахад анхаарах болсон байна. Бээжин нар, салхины эрчим хүчний үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, цөмийн эрчим хүчний салбарт  их хэмжээний хөрөнгө оруулалт цацах болсон. Япон мөн адил нар салхинаас эрчим хүч гаргаж авах томоохон судалгаа эхлүүлсэн бол Өмнөд Солонгос нүүрстөрөгчийг үе шаттайгаар саармагжуулж, 2050 гэхэд “тэг” хүрэх зорилт тавьсан байна.

Гэх мэтчилэн дэлхийн улс орнууд ногоон эрчим хүчийг анхаарч эхэлсэн нь төвлөрсөн том эх үүсвэрээс татгалзан тархмал эх үүсвэрээс цахилгаан гаргаж авах нь үндэсний аюулгүй байдалд аюулгүй гэж үзсэнийх аж.

Тэгвэл Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад чиглэсэн, заавал дагаж мөрдөх олон улсын конвенцод нэгдэн орсон, 2030 он хүртэл хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувь бууруулах томоохон зорилтыг дэвшүүлсэн. Монголын сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах сонирхолтой гадаад, дотоодын компаниуд цөөнгүй байна.

2.

Монголын Засгийн газар ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөртөө 14 мега төсөл хэрэгжүүлэхээр зарласан. Монгол Улсын ДНБ-ыг 95 их наяд, монгол хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 10 мянган ам.долларт хүргэх зорилготой дээрх төслүүдэд Эгийн гол, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг ашиглалтад оруулах амлалт ч багтсан юм. Эдгээр төслүүд нь олон жил яригдсан, үе, үеийн Засгийн газрын бодлого, мөрийн хөтөлбөрт багтаж ирсэн боловч гадаад-дотоодын улс төрөө даалгүй унадаг. Тэгвэл энэ удаад Л.Оюун-Эрдэнэ танхимдаа АН болон ХҮН намыг урьсны гол учир нь том төслүүдээ “улс төрөөс” ангид явуулах зорилготой. Л.Гантөмөр болон Т.Доржханд нарын иргэд, олон нийтэд өгдөг тайлбар нь бас ийм утгатай.

Дэлхийн нийт эрчим хүчний хэрэглээний 20, сэргээгдэх  эрчим хүчний 92 хувийг усан цахилгаан станцаас хангадаг. Сүүлийн жилүүдэд улс орнууд уснаас эрчим хүч үйлдвэрлэх болсон нь энэ төрлийн цахилгаан станцыг эдийн засгийн тогтвортой хөгжлийн тулгуур гэж үзэх болсонтой холбоотой аж.

Монголын усны эрчим хүчний боломж асар их. Гэсэн хэдий ч жилдээ УЦС-аас  75 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг  нь нийт нөөцийн дөнгөж нэг хувьтай тэнцэнэ. Ийм нөөц боломж байсаар атал Монгол эрчим хүчний хомсдолд ороход Кремлийн Төрийн ордон дахь төсөлчид чамгүй үүрэг гүйцэтгэсэн нь гашуун болоод бодит үнэн юм.

Эгийн голын цахилгаан станцыг барих асуудал 1991 оноос эхэлсэн. Гэвч, Кремлийн шахалтаар энэхүү төсөл 33 жил царцаж, энэ удаад Путины ашиг сонирхлоор Эгийн голын усан цахилгаан станцын байгаль орчны нарийвчилсан үнэлгээг  оросуудтай хамтран хийхээр болсон. Хоёр талаас зургаа, зургаан хүний бүрэлдэхүүнтэй судалгааны ажлын хэсгийг Одон орон, геофизикийн хүрээлэн захирал академич С.Дэмбэрэл ахлаж байгаа аж. Хэрэвзээ Эгийн голын усан цахилгаан станц баригдаж чадвал 606 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой. Гэвчиг байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хамтран хийх гэдэг нь Эгийн голын цахилгаан станцын төслийг гацаах гэсэн оросуудын ээлжит нэг заль болох нь нэн ойлгомжтой байна.

Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын төслийг Бээжин хариуцаж буй юм. Төслийн нийт зардал нь 266 сая ам.доллар. Хятадын “Экспорт-Импорт” банкны 20 жилийн хугацаатай, хоёр хувийн хүүтэй зээлээр Хятадын Пауэр Чайна”-“Пауэр Чайна Ченгду” компаниудын түншлэл барихаар болсон. Монголын Засгийн газраас Эгийн голын цахилгаан станцыг оросуудад, Эрдэнбүрэнгийн цахилгаан станцыг хятадуудад хариуцуулсан нь илүү том төслүүдээ саад бэрхшээлгүй явуулах гэсэн арга тактик байх талтай.

Эрчим хүч геополитик гэвэл хоёр хөршийн эрх ашгийг  эн тэнцүү тусгаж байж улс орны эдийн засагт нэн чухал гол төслүүдээ хөдөлгөх эрхтэй болно.

Монголд социализмаасаа салаагүй ганцхан салбар нь эрчим хүч. Энэ салбарт төр дангаараа монополь эрх эдэлдэг. Монголд эрчим хүч үйлдвэрлэдэг цахилгаан станцын тоо 13-хан. Нийт хэрэглээнийхээ 20 хувийг Орос, Хятадаас худалдаж авдаг гээд зовлон их.

Эрчим хүчний компаниудын өр авлага нь хэрээс хэтэрчихсэн. Өр нь  350 гаруй тэрбум, алдагдал нь 270 гаруй тэрбумаар яригдаж буй. Нүүрсний уурхайнуудын алдагдал нь аль хэдийнэ 80 гаруй тэрбум давсан. Энэ салбарын гинжин дампуурал эдийн засгаа ч татан унагааж мэднэ. Эдгээр тоонууд статистик биш сануулга. Улсаараа тоггүй таг суух эсвэр реформ хийж эдийн засгаа тэлэх хоёрхон сонголт бидэнд байна.

Эрчим хүч аливаа улсын эдийн засгийн хөгжлийн гол тулах цэг, тусгаар тогтнол аюулгүй байдлаа хамгаалах геополитикийн бодлого. Эрчим хүчний салбарт үүссэн хомсдол, гажуудлыг өөрчилье гэвэл зах зээлийнх нь зарчимд даатгахаас өөр арга алга.

Үндсэндээ, тог цахилгааны үнийг ирэх сарын 1-нээс тодорхой хувь хэмжээгээр нэмлээ гээд тодорхой реформ болж чадахгүй. Улс орны аюулгүй байдал, эдийн засгийн хөгжилд үнийг нэмэх биш үнийг чөлөөлөх бодит шаардлага бий болсон! Иймээс л айвал бүү хий, хийвэл бүү ай.

Эх сурвалж: News.mn