Ж.Батжаргал: Бэлчээрийн мал, аж ахуйн тогтвортой хөгжлийн асуудал нэн чухал байна

newslifemn 2024-04-5

УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Батжаргал нарын 38 гишүүнээс 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: Эдийн засгийн анхдагч уламжлалт бэлчээрийн мал аж ахуйн тогтвортой хөгжлийг хангах нь дэлхийн бусад орнуудаас ялгарах, ондооших, өвөг дээдсийнхээ өв нүүдлийн соёл, иргэншлээ хадгалж, хойч үедээ өвлүүлэх, эдийн засгийн бусад салбарын хөгжлийн тулгуур, хүнсний хангамж аюулгүй байдлын үндэс гэдгийг онцлон дурдлаа.

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс хамаарч ган, зуд, байгалийн эрсдэл болон давагдашгүй хүчин зүйлийн давтамж ойртсон, манай улсын нийт газар нутгийн 76.9 хувь нь ямар нэгэн байдлаар доройтол, цөлжилтөд нэрвэгдсэн байгаагаас бэлчээрийн мал аж ахуйн салбар эрсдэлт байдалтай нүүр тулаад байгаа аж. Эрдэмтдийн судалгаа, дүгнэлтээр нэн яаралтай зөв менежмент авч хэрэгжүүлбэл доройтсон, цөлжсөн бэлчээрийн 80 хувь нь байгалийн жамаараа сэргэнэ гэсэн дүгнэлт гарчээ. Үүний зэрэгцээ бэлчээрийн даац хэтэрснээс мал нь тэжээл, эрдэс, амин дэмийн дутагдалд орон давжаарч, ашиг шим, үнэ цэн буурч байгааг холбогдох яамны мэдээллээс харж болно гэлээ. Эдийн засгийн гол салбарын нэг мал аж ахуйн салбарын бүтээмж буурч, үнэ цэн муутай, улсын эдийн засагт оруулах хувь нэмэр улам буурсаар байгааг тэмдэглэсэн юм.

Энэ хэрээр малчдын аж амьдралд сөргөөр нөлөөлж, малынхаа тоог нэмэгдүүлэхээс өөр аргагүй байдалд хүрч байгаа аж. Иймд Монгол орны газар зүй, уур амьсгал, бэлчээрийн мал аж ахуйн онцлогоос хамааран монголчуудын эрт дээр үеэс айл саахалтаараа хүч хөдөлмөрөө нэгтгэн, байгаль цаг уурын хүндрэл бэрхшээлийг даван туулж ирсэн уламжлалыг өнөө цагийн уур амьсгал, нийгмийн хэрэгцээ шаардлагатай уялдуулж, малчдын үүсгэл санаачилга, оролцоонд тулгуурлан хамтын удирдлага, хариуцлагын үндсэн дээр шийдвэрлэх шаардлага үүссэн хэмээн үзжээ. Үүний сацуу байгалийн нөөц, бэлчээрийг доройтлоос хамгаалах, зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх асуудлыг зайлшгүй шийдвэрлэх шаардлагатайг Ж.Батжаргал гишүүн танилцуулсан.

Үүний тулд хууль зүйн хувьд малчдын хамтын зохион байгуулалт өөрсдийн үүсгэл санаачилгын байгууллагын эрх зүйн байдлыг нь тодорхойлж өгөх нь ач холбогдолтой гэж үзэж хуулийн төслийг санаачилжээ. Малчин өрхийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл нь 5 бүлэг 34 зүйлтэй юм байна.

Зэргэлдээ нутагладаг буюу нэг нутаг усныхан, бэлчээрээ хамтран ашигладаг малчин өрхүүд газар нутгийн онцлог бэлчээрийн нөхцөл байдлаасаа хамаарч 20-иос доошгүй өрх нэгдэж, малчин өрхийн анхдагч холбоог байгуулахаар төсөлд тусгажээ.

Анхдагч холбоо нь гишүүдийнхээ боловсрол эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, тэдгээрт төрийн үйлчилгээг үзүүлэх, байгалийн нөөц, гэрээт бэлчээрийн газрыг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, малын эрүүл мэнд, үржил чанар, ашиг шимийг дээшлүүлэх, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэх, борлуулахад дэмжлэг үзүүлэх зэрэг 4 үндсэн үйл ажиллагаанд гишүүн өрхүүдээ зохион байгуулах юм байна. Малчдын сайн дурын энэ холбоо нь ашгийн бус бөгөөд зөвхөн хөдөлмөрөө хорших замаар мал аж ахуйн үйлдвэрлэлийн суурь болсон бэлчээр нутгаа хамгаалах, нөхөн сэргээхэд дэмжлэг үзүүлэх юм. Харин мал аж ахуйн үйлдвэрлэлийг буюу ашгийн төлөө үйл ажиллагааг малчдын өөрсдийнх нь үүсгэн байгуулсан хоршоо, бусад аж ахуйн нэгжийн хэлбэрээр эрхлэх боломж нээлттэй байх юм байна. Өөрөөр хэлбэл, анхдагч холбоо нь гишүүдийнхээ мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хоршоо, аж ахуйн нэгж, ХАА-н бирж зэрэг этгээдэд борлуулахад нь зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж, хоршоог хөгжүүлэхэд хөшүүрэг, түлхэц болохоос гадна малчдын орлогыг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзсэн байна.

Малчин өрхийн анхдагч холбоо нь суурь нэгж болохын хувьд бүх гишүүдийн хурал, түүний чөлөө цагт Тэргүүлэгчид, Ахлагч гэсэн удирдлагын бүтэцтэй байх бөгөөд эдгээр институцын үйл ажиллагаа, зохион байгуулалт, эрх, үүрэг, түүнчлэн гишүүнчлэлийн талаар төсөлд тусгайлан зохицуулсан. Бэлчээрийг сумын Засаг даргатай байгуулсан гэрээний үндсэн дээр хуваарьтай ашиглаж, доройтлоос сэргийлэх, сайжруулах, хамгаалах ажлыг анхдагч холбоо хариуцахаар төсөлд тусгажээ.

Сумын малчин өрхийн холбоо нь тухайн суманд үйл ажиллагаа явуулж байгаа анхдагч холбоодын гишүүнчлэлтэй байх ба тэдгээр анхдагч холбооны ахлагч нараас бүрдэх юм байна. Аймгийн малчин өрхийн холбоо нь сумын малчин өрхийн холбоо бүрээс сонгогдсон 2 гишүүний төлөөллөөс бүрдэхээр, улсын хэмжээнд Малчин өрхийн нэгдсэн холбоо ажиллах, уг холбоо нь аймгийн малчин өрхийн холбооны дарга нараас бүрдэхээр төсөлд тусгажээ. Сум, аймгийн болон малчин өрхийн нэгдсэн холбоо доод шатны холбоодын үйл ажиллагааг уялдуулан, зохион байгуулалтаар хангах, төрийн бодлого, тухайн шатны бодлогын баримт бичиг, үйл ажиллагаанд малчин өрх, холбооны эрх, ашиг сонирхлыг илэрхийлэх, саналаа өгөх нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэх аж.

Түүнчлэн Холбооны санхүүжилт нь гишүүнчлэлийн хураамж, хууль тогтоомжийн дагуу олгосон санхүүжилт, хуульд заасан үйл ажиллагаа эрхэлж олсон орлого, гадаад, дотоодын хуулийн этгээд, хувь хүний хандив, тусламж, хууль тогтоомж, дүрэмд заасан бусад эх үүсвэрээс бүрдэх ба түүнийг дээр дурдсан 4 үндсэн чиглэлийн болон дүрэмд заасан бусад үйл ажиллагаанд зарцуулахаар тусгасныг Ж.Батжаргал гишүүн нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлтэй хамт Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг 12 хууль, Улсын Их Хурлын 2 тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төслүүдийг боловсруулсан байна.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг танилцуулав. Тус Байнгын хороо хороо 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаараа төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн, шийдвэрлэсэн байна. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны тухайн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжсэн байна.

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт, тайлбар авсан юм. Б.Бат-Эрдэнэ гишүүн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлээд малчдын амьжиргааг дэмжих, зудад нэрвэгдсэн малчдын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тодруулав. Бэлчээрийн мал, аж ахуйн тогтвортой хөгжлийн асуудал нэн чухал гэдгийг төсөл санаачлагч Ж.Батжаргал гишүүн тэмдэглээд нэн тэргүүнд малчдын залуу халааг бэлтгэх, малчдаа чадвахжуулах асуудал чухал болохыг хэлэв. Иймд төсөлд энэ чиглэлээрх зохицуулалтуудыг тусгасан гэлээ. Малчин өрхийн анхдагч холбоо 20 өрхтэй байх бөгөөд гишүүн бүрийнхээ боловсрол, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулах асуудлыг зохион байгуулах, мөн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, тэдгээрт төрийн мэдээллийг хүргэх зохион байгуулалтыг хариуцна гэдгийг Улсын Их Хурлын даргын зөвлөх, ажлын хэсгийн гишүүн Д.Лүндээжанцан тайлбарлав. Гишүүдийнхээ боловсролд анхаарах, тэр дундаа албан болон албан бус сургалтад хамруулах гэж тусгайлан заалт болгож оруулсан байна. Залуу малчдыг мэргэшүүлэх чиглэлээр аймгийн төв дээрээ сургалт зохион байгуулах, эчнээгээр мэргэжил эзэмшүүлэх, мэргэшүүлэх нарийвчилсан сургалтуудыг зохион байгуулахтай холбоотой заалтуудыг ч төсөлд тусгажээ.

Малчид хамтын зохион байгуулалтад орж, бэлчээрийг даацад нь тохируулаад ашиглах эрх зүйн орчныг бүрдүүлж байгааг дэмжиж буйгаа Д.Өнөрболор гишүүн илэрхийлсэн. Тэрбээр эрчимжсэн мал аж ахуйн газрын асуудал буюу малын тэжээлийг тариалахтай холбоотой асуудлыг хуулийн төсөлд тусгайлан тусгах санал хэллээ. Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид нь “малчин” гэх ангиллаар хуулийн төслийн зохицуулалтад багтсаныг Ж.Батжаргал гишүүн тайлбарлаад “Тодруулах зүйлүүдийг хэлэлцүүлгийн шатанд шийдвэрлэх боломж бий. Малын тэжээлийн ургамлууд нь тусгай орчин, хөрсөнд ургадаг тул тусгай талбай байх хэрэгтэй байдаг. Гэхдээ манай нөхцөлд үүсмэл хөрсөнд тэжээлээ тариад байгаа. Үүнийг өргөжүүлэх шаардлага бий” гэв.

Малын тэжээл тариалах үйл ажиллагаатай холбоотой зохицуулалтыг суурь хуулиар нь шийдвэрлэх нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, Ж.Батсуурь, Ц.Туваан, Ц.Сандаг-Очир, Б.Баттөмөр, Д.Сарангэрэл нар асуулт асууж, төсөл санаачлагч болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авав.

Төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд үг хэлэв. Г.Тэмүүлэн гишүүн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж байгаагаа хэлээд “Эдийн засгийн тулгуур болсон энэ салбарыг төрийн зүгээс дэмжих зайлшгүй шаардлага бий. Үүний зэрэгцээ 300 мянган малчин иргэнийхээ эрх ашгийг хамгаалах ёстой. Тиймээс үйлдвэрлэлийг дэмжихээс гадна малчдынхаа боловсрол, эрүүл мэнд, нийгмийн асуудал, амьжиргаа орлогыг нь дэмжих цогц бодлогын шийдлийг бий болгох нь зүйтэй гэж үзсэн” гэв. Хамтын хүч, оролцоо, хамтын менежмент, зохион байгуулалт нь амжилтын суурь гэдгийг тэрбээр онцлоод төслийн хүрээнд мал аж ахуйн салбарын тогтвортой, өгөөжтэй хөгжил, малчны хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, амьжиргааны баталгааг хангах боломжийг бүрдүүлж буйг хэллээ. Б.Бейсен гишүүн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд орон нутаг дахь нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, малчдад анхан шатны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүргэхтэй холбоотой санал хэлэв.

Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулахад, гишүүдийн олонх буюу 59.5 хувь нь төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.