Д.Мөнхбаатар: Төв аймаг соёлын өвийн томоохон орон зай бий болгохыг зорин ажиллаж байна

newslifemn 2023-09-15

Монгол улсын Засгийн газар, Соёлын яамнаас улсын хэмжээнд хэрэгжүүлсэн “Соёлын сэргэлт-2023” аян  Төв аймагт хаалтаа хийлээ.
Аяны хүрээнд Чингис хаан Үндэсний музей, Төв аймгийн Соёл урлагийн газар, “Монгол туургатан театр” хамтран 27 сумын хүүхэд багачууд, залуучууд, иргэдэд зориулан соён гэгээрлийн лекц, урлагийн тоглолт, нүүдлийн түр үзэсгэлэн, мэргэжил арга зүйн сургалт, музейн боловсролын хөтөлбөр, сумын соёлын хүртээмж, тулгамдсан асуудлын талаар санал, асуулга авах зэрэг олон талт үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан байна.
Энэ үеэр Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар “Төв аймгийн ИТХ, ЗДТГ-аас хөгжлийн бодлогоо тодорхойлж, уламжлалт хэв шинжит байдал болон шинэлэг зүйлийг хослуулсан олон төсөл, хөтөлбөрүүдийг эхлүүлээд байна. Үүний дотроос Монгол улсын Соёлын яамтай хамтран хэрэгжүүлж байгаа “Үндэсний археологи, угсаатны зүйн музей, лабораторийн  бүтээн байгуулалтын ажил эрчимтэй явагдаж байна.
Түүнчлэн “Соёл урлагийн салбарыг 2021-2024 онд хөгжүүлэх стратеги төлөвлөгөө”-ний хүрээнд хийгдсэн томоохон хөрөнгө оруулалтын ажлуудын талаар мэдээлэл хүргээд Төв аймгийн хувьд цаашид Соёлын яамтай хамтран ажиллаж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, томоохон уран бүтээл туурвих, соёлын өвийн томоохон орон зай бий болгохыг зорин ажиллах болно” гэлээ.
“Соёлын сэргэлт-2023” аян нь Соёл урлагийн талаар баримтлах бодлого, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах , соёл урлагийн салбарын нэр хүндийг дээшлүүлж, гүйцэтгэх үүрэг, байр суурийг тодорхойлох, соёлын өвийн хадгалалт хамгаалалтыг шийдвэрлэх, орон нутаг бүр өөрийн онцлогт тулгуурласан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжийг эрэлхийлсэн үр дүнтэй, ажил хэрэгч аян болж өндөрлөлөө.