Хөдөө аж ахуйн биржийн Гишүүнчлэл, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Р.Алтайгаас хоршооны арилжааны шимтгэлийг тэглэсэн талаар болон хоршоод биржийн арилжаанд идэвхтэй оролцвол ямар давуу талтай зэрэг асуудлаар ярилцлаа.
–УИХ-аас тогтоол гарч 2022 оныг “Хоршоог дэмжих жил” болгон зарласан. Энэ урианы жилийн хүрээнд Хөдөө аж ахуйн биржээс хоршооны арилжааны шимтгэлийг тэглэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй тодруулж өгөөч?
-“Хоршоог дэмжих жил”-ийн хүрээнд Хөдөө аж ахуйн биржээс 17 аймгийн Хөдөө аж ахуйн газартай хамтран орон нутагт 1000 орчим малчид, хоршоо болон холбогдох хүмүүстэй уулзалт хийж, танилцуулга зохион байгуулсан. Энэ ажилд үндэслэн биржийн ТУЗ-өөс 2022 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн гурван жилийн хугацаанд биржийн байнгын бус гишүүдийн хоршооны суудлын хураамж, арилжаа, төлбөр тооцооны шимтгэлийг тэглэсэн. Мөн хоршооны арилжсан бараа, түүхий эдийг худалдан авагч талын арилжаа, төлбөр тооцооны шимтгэлийг тэглэсэн. Өөрөөр хэлбэл арилжаанд оролцогч үндсэн субъект болох хоршоо, худалдан авагч тал ямар нэгэн шимтгэл, хураамж төлөхгүй арилжаанд оролцож, бараа, түүхий эдийг худалдах, худалдан авах боломжтой болсон юм.
–Өнөөдрийн байдлаар Хөдөө аж ахуйн биржтэй хэдэн хоршоо хамтран ажиллаж байна вэ?
– Хөдөө аж ахуйн бирж нь 2023 оны нэгдүгээр сарын байдлаар Улаанбаатар хот болон 18 аймгийн 75 хоршоотой байнгын бус гишүүний гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. Одоогоор хоёр хоршоо л биржийн арилжаанд оролцож, 177 богц ноолуурыг дотоодын үйлдвэрт арилжсан.
– Зөвхөн Хөдөө аж ахуйн биржийн гишүүн, хоршоод шимтгэл, хураамжийн хөнгөлөлтөд хамрагдах уу?
– Ер нь бол тийм. Гэхдээ бүх хоршоонд ийм боломж байгаа. Биржийн арилжааг сонирхож байгаа хоршоод биржид хүсэлт гарган шалгуур үзүүлэлтийг хангаж, байнгын бус гишүүний гэрээ байгуулан арилжаанд оролцож болно.
–Шалгуур үзүүлэлт хангаснаар арилжаанд оролцож болно гэлээ. Танайхаас тавих шалгуур үзүүлэлт нь ямар байх ёстой юм бол?
– Тэгье ээ. Юуны түрүүнд Монгол улсын хуульд заасны дагуу үүсгэн байгуулагдсан, үйл ажиллагаа явуулж буй хоршоо байх ёстой. Үйл ажиллагаа явуулж буй тухайн сумын малчин өрхийн 25-аас доошгүй хувьд үйлчилгээ үзүүлэх боломжтой байх, хоршооны хөгжлийн үнэлгээ хийлгэж “дундаж буюу идэвхжиж байгаа хоршоо” буюу түүнээс дээш үнэлгээ авсан байх, Хоршооны шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байх зэрэг шалгуурыг хангасан байх ёстой.
Мөн Биржийн зах зээлд бие даан оролцох чадавхийг нотлох чиглэлээр
- Биржээр арилжих бараа түүхий эдийг хадгалах, анхан шатны тордолт хийх боломжтой агуулахтай байх;
- Ажлын байртай байх;
- Биржийн зах зээлд ажиллах ажилтан, барааны чанар стандартыг хариуцсан агуулахын ажилтантай байх зэрэг шалгуурыг нэмэлтээр тавьдаг.
–Хоршооны бараа, түүхий эдийг худалдан авагч тал болон тухайн хоршоонд ямар давуу тал үүсэх вэ?
– Хэд хэдэн томоохон давуу тал үүснэ. Худалдан авагч дотоодын боловсруулах үйлдвэр нь худалдан авсан үнийн дүнгээс НӨАТ-ын тухай хуулийн 14.1.4-ийн дагуу 10 хувиар хасалт хийлгэнэ. Бараа, түүхий эд байнга нийлүүлэгч хоршоодтой болно. Хоршооны хувьд зөвхөн аймаг орон нутгийн ченжээр хязгаарлагдахгүй, олон тооны худалдан авагчдад бараа, түүхий эдээ зах зээлийн бодит үнээр цахим платформоор дамжуулан арилжина. Энэ нь тухайн хоршоо нь орон зайн хязгаарлалтгүйгээр, олон тооны худалдан авагчидтай болно. Мөн санхүүгийн сахилга баттай болох, төлбөр тооцооны найдвартай байдал хангагдах, бараа, түүхий эдийн чанар сайжрах, үнэ өсөх нөхцөл бүрдэнэ.Ер нь цаашид хоршоод биржийн арилжаанд идэвхтэй оролцвол үйл ажиллагаа нь тогтворжих, санхүүгийн байдал нь сайжрах, хариуцлагажих зэрэг давуу талууд үүсэхээс гадна хөдөө аж ахуйн хоршооны бараа, түүхий эдийн бүхий л мэдээлэл ил тод болж, үйлдвэр хоршооны хооронд кластерийн сүлжээ бий болно.
-Ярилцлага өгсөн таньд баярлалаа
0 cэтгэгдэлтэй