Эрүүл, аюулгүй, чанартай хүнсний бүтээгдэхүүнийг сонгохын тулд хаяг, шошгыг харах нь чухал. Өөрийн болон гэр бүлийнхээ гишүүдийн эрүүл мэндийн төлөө хүнсний бүтээгдэхүүний шошгыг тогтмол уншиж хэвших хэрэгтэй юм.
Хүнсний бүтээгдэхүүний шошго нь дараах мэдээллийг өгдөг
- Шинэхэн эсвэл хуучирсан эсэхийг мэдэхийн тулд үйлдвэрлэсэн болон хадгалах хугацаа,
- Хэрхэн хадгалах, бэлтгэх, боловсруулах талаарх мэдээлэл,
- Орц, хүнсний нэмэлтийн талаарх мэдээллийг авснаар харшил үүсгэгч бодис агуулагдаж байгаа эсэх мэдээлэл,
- Үйлдвэрлэсэн улс, үйлдвэрлэгч, савлагч, импортлогчийн нэр, холбоо барих хаяг зэрэг мэдээлэл,
- Шимт бодис, шим тэжээл, илчлэгийн талаарх мэдээлэл,
- Эрүүл мэндийн мэдэгдлийг харах боломжтой.
Бүтээгдэхүүний нэр ба хаяг хэсэгт холбоо барих утасны дугаарыг заавал бичсэн байдаг. Мөн хэрэглэх зааврыг оруулдаг. Үүнээс тухайн хүнсний бүтээгдэхүүнийг шууд хэрэглэх эсвэл болгож хэрэглэх заавар болон хэрхэн боловсруулах талаар тайлбарласан байна.
Хэрэв хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн байвал сайтар анхаарч хэрэглэх шаардлагатай
Зарим хүнсний бүтээгдэхүүн нь харшил үүсгэгчийн мэдээллийг тусад нь анхааруулж бичсэн байдаг. Хэрэглэгч та хоол хүнсээр дамжих өвчин, хоолны хордлогоос сэргийлэхийн тулд дараах бүтээгдэхүүнээс зайлсхийх хэрэгтэй. Үүнд:
- Сав баглаа боодлын бүрэн бүтэн байдал алдагдсан болон хонхойсон, төмбийсөн, зэвэрсэн савлагаатай бүтээгдэхүүн,
- Хугацаа нь дууссан бүтээгдэхүүн,
- Хадгалалтын нөхцөл алдсан бүтээгдэхүүнээс зайлсхийх хэрэгтэй.
Хүнсний бүтээгдэхүүний шошгоос,
- Хүнсний бүтээгдэхүүний нэр (хүнсний мөн чанар болон агуулгыг илэрхийлсэн байдаг)
- Хүнсний бүтээгдэхүүний шошгололт (хүнсний 100 грамм, 100 мл эсвэл нэг удаад хэрэглэх хэмжээнд агуулагдах шимт бодисын хэмжээ)
- Орц бүрдүүлэгчийн жагсаалт (шошго дээр орц бүрдүүлэгчийн бүтээгдэхүүнд орсон жингийн буурах дарааллаар жагсаан бичсэн байдаг)
- Нэр, хаяг (хүнсийг үйлдвэрлэгч, савлагч, түгээгч, импортлогч, экспортлогчийн нэр, хаягийн мэдээллийг авна)
- Хэрэглэх заавар (хүнсний шошго дээр хэрэглэх заавар болон хадгалах нөхцөл тодорхой бичигдсэн байдаг)
- Огнооны тэмдэглэгээ (үйлдвэрлэсэн хугацаа, хадгалах хугацаа эсвэл хэрэглэж дуусах хугацааг заавал тэмдэглэсэн байдаг)
- Цэвэр ба хуурай жин (шингэн төлөвтэй бүтээгдэхүүнийг эзлэхүүнээр (литр, мл), хуурай төлөвтэй хүнсийг жингээр (кг, грамм) илэрхийлсэн байна.
Хүнсний бүтээгдэхүүний шошгыг зөв уншиж сурах нь танд болон таны гэр бүлд ямар ач холбогдолтой вэ?
-Хүнсний бүтээгдэхүүний найрлага, тэжээллэг чанарын талаар мэдээлэл авна.
-Хүнсний бүтээгдэхүүний тэжээллэг чанарыг мэдсэнээр тухайн бүтээгдэхүүнээс өөрийн болон гэр бүлийнхээ хоол тэжээлийн хэрэгцээнд тохируулан хэрэглэнэ.
-Бүтээгдэхүүний хадгалах нөхцөл, хугацааг мэдсэнээр гэр бүлийнхээ хэрэгцээнд шинэ, чанартай бүтээгдэхүүн зөв сонгон хэрэглэх боломж бүрдэнэ.
-Хүнсний бүтээгдэхүүнийг хоол тэжээлийн хэрэгцээ, эрүүл мэндийн байдалдаа тохируулан зөв сонгон хэрэглэснээр таргалалт, зүрх судас болон хоол боловсруулах эрхтэн, бодисын солилцооны өвчинд өртөхгүй байж чадна.
1. “Найрлагыг бүрдүүлэгч зүйлийн жагсаалт” хэсгээс та бүтээгдэхүүний найрлагад орсон бүх бодисын жагсаалттай танилцана.
2. Бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн ба хадгалах хугацаа нь 2 янзаар бичигддэг.
-Хэрэв 2 хугацаа бичигдсэн байвал эхнийх нь үйлдвэрлэсэн, дараагийнх нь хадгалалт дуусах хугацаа байна.
-Хэрэв зөвхөн 1 хугацаа бичигдсэн байвал энэ нь үйлдвэрлэсэн хугацаа бөгөөд энэ тохиолдолд хадгалах хугацаа давхар бичигдсэн байна.
3. Хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацааг уртасгах, мэдрэхүйн үнэлэмжийг сайжруулах, технологийн шинж чанарыг сайжруулах зорилгоор төрөл бүрийн хүнсний нэмэлтүүдийг үйлдвэрлэлд хэрэглэж байна. Хүнсний нэмэлт бодисууд нь стандартад заагдсан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрээгүй тохиолдолд хор нөлөөгүй ба хэтэрвэл хурц болон архаг хордлого, үр хөврөлийн гаж хөгжил, хорт хавдар үүсгэх зэрэг сөрөг үр дагавартай байж болно.
Өнөөдрийн байдлаар дэлхийн хүнсний үйлдвэрлэлд 2000 гаруй хүнсний нэмэлт бодисыг ашиглаж байгаа бөгөөд тэдгээрийг богино код буюу тоон тэмдэглэгээгээр дараах байдлаар ангилжээ. Үүнд:
– Е 100 дээш–будагч бодис
– Е 200 дээш–нөөшлөгч бодис
– Е 300 дээш–үл исэлдүүлэгч бодис
– Е 400 дээш–тогтворжуулагч бодис
– Е 450 дээш–тос
– Е 500 дээш–хүчлийг саармагжуулах бодис
– Е 600 дээш–амт, үнэрийг нэмэгдүүлэгч бодис
– Е 700 дээш–нөөц индекс
– Е 900 дээш–үл хөөсрүүлэгч бодис
– Е 1000 дээш–өнгөлөгч агент
Ихэнхи хүнс болон химийн үйлдвэрлэл эрхлэгчид хүнсний нэмэлт бодисын хэрэглээ болон аюулгүй байдлыг хэдэн арван жилээр туршиж, судлан үйлдвэрлэдэг учраас аюулгүй гэж үздэг. Гэвч хүнсний нэмэлт бодисыг хэрэглэснээс олон арван жилийн дараа эрүүл мэндэд эрсдэл, сөрөг нөлөөүүсэх тохиолдол цөөнгүй гардаг байна.
ДЭМБ-аас зарим төрлийн хүнсний нэмэлт бодисын хүний бие махбодид үзүүлэх хортой нөлөөллийг тогтоожээ. Үүнд:
– Сэжигтэй–Е 104, 122, 141, 150, 171, 173, 241, 477
– Аюултай–Е 102, 110, 120, 127, 129, 155, 180, 201, 220, 222, 223, 224, 228, 233, 242, 270, 400-405, 501, 502, 503, 620, 636, 637
– Маш аюултай–Е 123, 510, 513, 527
– Хориотой– 103, 105, 111, 121, 125, 126, 130, 152
– Хавдар үүсгэх–Е 131, 142, 153, 210-216, 219, 249, 252, 280-283, 330, 954
– Тууралт өгөх– 312, 339-341, 343, 450-454, 461, 462, 463, 465, 466, 907
– Хоол боловсруулах эрхтэнд нөлөөлөх–Е 154, 626-635
– Хэрэглэж дуусах хугацааг “Expiry date ” (EXP) гэж тэмдэглэх нь түгээмэл байдаг. Үүнийг сав баглаа боодол дээр “Use by ” “Sell by ” ,Best before ” зэрэг сонголтоор бичсэн байдаг. Ялангуяа, импортын бараа бүтээгдэхүүн дэлгүүрийн лангуун дээр их байдаг учраас дээрх хэллэгүүдийг мэдэх нь зүйтэй.
Хэрэглэж дуусах хугацаа “Expiry date” нь савласан он сар “Packing date ” -ээс ялгаатай. Савласан он, сар, өдөр нь хүнсний бүтээгдэхүүнийг худалдахын өмнө зориулалтын хэрэгсэлд савласан хугацаа юм. Он, сар, өдрийн тэмдэглэгээ чухал. Аливаа бүтээгдэхүүний зөвхөн дуусах хугацаа биш, үйлдвэрлэсэн хугацаа, хадгалах хугацаа эсвэл хэрэглэж дуусах хугацааг заавал тэмдэглэсэн байдаг. Хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдан авах нь маш эрсдэлтэй. Түүнчлэн тухайн хүнсний бүтээгдэхүүний савыг онгойлгосноос хойш буюу нээснээс хойш хэд хоногийн дотор хэрэглэнэ гэсэн мэдээллүүдийг шошгоос авах нь чухал юм.
0 cэтгэгдэлтэй