Л.Энх-Амгалан: Зээл авсан гадаадад сурч байгаа оюутан амиа хорлоно гэсэн сэтгэл эмзэглүүлсэн мессеж ирсэн талаар эцэг эхчүүд хэлж байна

newslifemn 2023-05-24

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: Монгол Улсын Засгийн газрын “5Ш” ажиллагааны хүрээнд Боловсролын зээлийн сангийн анхны мэдээллийг ил болгосон. 1997 оноос хойш 150 мянган оюутанд 1,2 сая удаагийн тэтгэлэгт 1 их наяд төгрөг зарцуулснаас 700 тэрбум төгрөгийг дотоодын их дээд сургууль төгссөн оюутнуудад олгосон зээл, тэтгэлэг юм.

Сүүлийн үед зөвхөн гадаадын их дээд сургуульд суралцсан оюутны мэдээлэл их анхаарал татаж байна. 1997 оноос хойш гадаадад суралцсан бүх оюутны мэдээлэл ил болгосон. Өнгөрсөн хугацаанд төгсөж ирээд гэрээний үүргээ биелүүлсэн хүүхдүүдийг зээлээс чөлөөлж байсан.

Бид нийгмээрээ нэг хүнийг, эцэг эхийнх нь хашиж байсан албан тушаалаар нь яллаж, харлуулж болохгүй. Хүн бүр шүгэл үлээх эрхтэй ч зөв шударга үнэлэлт дүгнэлт, баримт байгаасай гэж хүсэж байна.

АТГ, ЭЦГ-аас хамтарсан ажлын хэсэг гарч, 1997 оноос хойшхи бүх баримтад шинжилгээ хийж байна. Сүүлийн өдрүүдэд боловсролын зээлийн сангийн мэдээлэл гарч байгаатай холбогдуулан гадаадад сурч байгаа зарим хүүхдүүд, эцэг эхчүүд маш их ээр утасдаж байна. Цаашдаа сурах хэрэг байна уу, гадаадад сурч байгаа хүүхдүүд амиа хорлоно гэсэн сэтгэл эмзэглүүлсэн мессеж ирж байгаа талаар эцэг эхчүүд хандаж байна. Польшид амиа хорлосон тохиолдол бий

Тиймээс хувь хүний мэдээлэл зарлах, нийгэмд буруу ташаа мэдээллийг хүргэх нь хилийн чанадад байгаа монголчууд, гэр бүлд хүндээр тусаж байгаа асуудал байна. Тиймээс бид үүнийг эрүүл саруулаар шүүх, тунгаах хэрэгтэй.

Сургуулиа төгсөөд 5 жил ажиллан, НДШ-ээ төлсөн бол гэрээгээ биелүүлсэн хэмээн үзэж чөлөөлөгдөж байсан ч нийгмээс ирэх шаардлагыг биелүүлэхээр зарим нь эхнээсээ төлж эхэлсэн. Долоо хоногийн дотор 320 мянган ам.доллар буюу 1,1 тэрбумын эргэн төлөлт хийгдээд байгаа нь нийгмээс ирэх шударга ёсны шаардлагын биелэлт юм” гэв.