Сонгинохайрхан дүүрэгт “23 дугаар нэгж хороолол”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлнэ

newslifemn 2023-03-23

Нийслэлийн ИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар Улаанбаатар хотын төлөвлөлтийн баруун-1 бүсийн “23 дугаар нэгж хороолол”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцлээ. Толгойт олон нийтийн төв хэмээн нэрлэж буй энэ хэсэгт СХД-ийн 1, 2, 20, 22,34 дүгээр хороо хамрах бөгөөд 8086 өрхийн 27114 хүн хамрагдах юм.

Эдгээр хороонд 43,305 хүн оршин суудаг бөгөөд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний төлөвлөлтийн хязгаарт 62.6 хуь нь орж байна. Төлөвлөгөөний дагуу орон сууц, олон нийтийн бүс, үйлдвэрийн бүс болон тусгай зориулалтын, инженерийн шугам сүлжээ, зам тээврийн, ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс байна.

Нэгж хорооллын ерөнхий хугацааг эхний ээлжийн буюу 2021-2025 онд хэрэгжүүлэхээр тооцож байна. Улмаар 2035 он гэхэд инженерийн бие даасан шийдэл бүхий сайжруулсан амины сууцны хорооллыг бий болгож, агаар, хөрсний бохирдлыг бууруулахаар зорьж байгаа юм.

Энэхүү ажлыг бүрэн хэрэгжүүлэхийн тулд 2.1 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэж тооцсон. Хуулиар олгогдсон үүргийн хүрээнд улс, нийслэл, дүүргийн төсөл хандивлагч байгуулагуудын хөрөнгө оруулалтын хүрээнд 313.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх шаардлагатай аж.

Нийгмийн дэд бүтцийн төлөвлөлтөд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, МСҮТ, амбулатори, поликлиник бүхий эмнэлэг, кино театр, соёлын ордон бүхий нийгмийн дэд бүтцийг төлөвлөсөн байна. Энэхүү асуудлыг Нийслэлийн ИТХ-ын ээлжит чуулганаар хэлэлцэнэ. 
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ